• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НАМАР, ЦЭРЭГ ХОЁР ...
Нийтэлсэн: 2024-09-11 14:18:43
Үзсэн: 277

НАМАР, ЦЭРЭГ ХОЁР ...
Нийтэлсэн: 2024-09-11 14:18:43 Үзсэн: 277



    Энэ цаг үед намрын ажил эх орны минь өнцөг булан бүрт өрнөж, үүнд Зэвсэгт хүчнийхэн тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байна. Хэзээнээсээ л намрын ажил, өвөлжилтийн бэлтгэл, улс орны бүтээн байгуулалт, гамшиг осол, зуд турхан, үер, ган гачиг тохиолдоход “Мэдлээ, гүйцэтгэе” гээд морддог тэд энэ удаа ч уламжлал ёсоороо намрын шаргал нарны дор ургацын талбайд ажиллаж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний тодорхой бүрэлдэхүүн анхны цаснаас урьдан газар тариалан эрхлэгчдийн хүсэлтээр ургац хураалтад манлайлан оролцож байгаа нь энэ. Тэдний нэг болох Сэлэнгэ аймгийн Орхон сумын тариалангийн талбайд ажиллаж байгаа дэслэгч Пүрэвсангийн Золжаргал салааны захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг “Бид эх орны хөвгүүд” буландаа онцлон урьж ярилцлаа.

   Ярилцахын өмнө залуус ургацын талбайгаас нь “Намар, цэрэг” гэдэг сайхан шүлэг төрөхөд бэлэн болж буйг дуулгав. Байлдагч Дэлгэрбаярын Батмагнай намрын ажилд нөхөдтэйгөө хамт гарч, тэндээс авч байгаа мэдрэмжээрээ хэд хэдэн шүлэг тэрлэж, орой бүр ил галын дэргэд гитарын эгшиг аялгуу дор уншиж байгаа гэнэ. Эрхэм байлдагч маань намар, цэрэг хоёр төгс хоршиж байгааг илэрхийлсэн яруу тансаг шүлгээ удахгүй сурвалжлагч танд бичгээр хүргэнэ гэсэн амлалттай үлдэв.

    Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхон түшиг ургац” компанийн тариалангийн талбайд Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас 40 орчим офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид тодорхой гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байна. Тэд найман төрлийн ургац хурааж байгаагаас голлох ногоо нь монгол саримс. Эх орныхоо газрын хөрсөнд ургасан хүнсний ногоог хурааж байгаа манай залуусын сэтгэгдэл өндөр, цовоо сэргэлэн бөгөөд ажилдаа гаршиж, түүртэхгүй байгаа нь үйлдэл бүрээс нь тодхон харагдах. Тэдний дунд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, байлдагч Дамдинпүрэвийн Самбуудорж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, байлдагч Өнөрбатын Мягмарсүрэн, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, дэд түрүүч Гансүхийн Цог-Эрдэнэ нарын залуус бусад нөхдөө төлөөлж ярилцлага өгөхөөр болов.

    Байлдагч Д.Самбуудорж хугацаат цэргийн албанд татагдахаасаа өмнө МУИС-д химийн багш мэргэжлээр суралцаж байсан, халагдаад үргэлжлүүлэн суралцах юм байна. Хамаатныхаа найз Б.Чойсүрэнтэй хамт цэрэгт мордсон, тэр дүү нь өндөр нуруулаг учраас Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хуваарилагдсан гэнэ. Байлдагч маань дээрээ гурван эгчтэй, айлын ганц хүү учраас хугацаат цэргийн албандаа дурлан дурлан ирсэн, санаж явснаар сайхан орчин, халуун дотно хамт олон угтан авч, өнөөдрийг намайг “бүтээлээ” гэв. Удахгүй халагдана гэж бодохоор жагсаалын талбайдаа хоргодмоор ч юм шиг. Намрын ажилд гарснаар бидний нөхөрлөл улам бэхжиж, сайхан дурсамж болон үлдэж байна гэсэн юм.

    Дэд түрүүч Г.Цог-Эрдэнэ “Их засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн жилдээ эх орны хөвгүүд цугладаг энэ сайхан албанд иржээ. Ангидаа “хөгшин” цэрэгт ордог, тэр хэмжээгээр дүү нар нь хүндэтгэдэг, үгнээс нь ч зөрдөггүй гэнэ. Түүний аав, ээж хоёр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумандаа малчин, гурван дүүтэй айлын том хүү ажээ. Намрын ажилд гарснаар тодорхой тооны мөнгөн хуримтлалтай халагдана, энэ мөнгөөрөө оюутан дүүдээ гоё хувцас, дүү нартаа унадаг дугуй, аав ээждээ хэрэгтэй байгаа цахилгаан барааг нь авч очихоор төлөвлөжээ.

     Харин байлдагч Ө.Мягмарсүрэн Хөвсгөл аймгийн Жаргалант сумаасаа 11-үүлээ иржээ. Намрын ажилд хамт гарсан нь гурвуулаа байна гэнэ. Барилгын компанид ажилладаг байсан, халагдаад ажлаа үргэлжлүүлнэ, бас боксоороо ч тогтмол хичээллэнэ гэж байна. Боксоор гурван жил хичээллэж байгаа, тодорхой амжилт үзүүлээгүй ч эрүүл чийрэг болоход чухал спорт гээд ургац хураалтад ирснээр нөхөрлөлөө улам зузаатгаж, ажилд хөдөлмөрт гаршиж, амьдралд хэрэгтэй дадал, зуршлыг эндээс олж байна гэв. Түүний хоёр дүү нь энэ жил нэгдүгээр ангид орж буйг дуулгаж, тангаргийн баяраар ихэр дүү нараа тэвэрч байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархаж, эерэг сэтгэгдлээр бөмбөгдүүлсэн тухай тэр баяртайгаар өгүүллээ.

    Тэднийг ахлан ажиллаж байгаа салааны захирагч дэслэгч П.Золжаргалын хувьд Зэвсэгт хүчинд 9 дэх жилдээ алба хааж байгаа, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай офицер ажээ. Сургагч ахлагч С.Дарханбаттайгаа хамт дайчдаа хариуцаж байгаа, хөдөө хээр гэхэд хангалт үйлчилгээ сайн, өдрийн гурван удаагийн халуун хоолтой, байр дулаан, үзвэр үйлчилгээ ч боломжийн байгааг дуулгалаа.

    Ярилцлагынхаа төгсгөлд “Орхон түшиг ургац” компанийн захирал Ч.Оюунгэрэлийн сэтгэгдлээс хуваалцахад “Хугацаат цэргийн алба хаагчид үнэхээр ажилтай. Манайх жил бүр нь Зэвсэгт хүчний дайчдыг намрын ажилдаа авахыг эрмэлздэг. Яагаад гэхээр зохион байгуулалттай, ажлын гүйцэтгэл их сайн. Бүгд л миний хүүхдүүд шиг дотно сайхан санагддаг юм. Манай компани байгуулагдаад 30 орчим жил болж байна. Эх орныхоо хөрсөнд ургасан бүтээгдэхүүнээр ард түмнээ хангах зорилготой. Миний хань Б.Хадбаатар 2007 онд улсын аварга тариаланч болсон. Манайх найман нэр төрлийн хүнсний ногоо тариалдаг, үүнээс гол брэнд нь монгол саримс. Энэ жил тарвас анх удаа тарьж үзлээ, ургац ч арвин байлаа” гээд хугацаат цэргийн алба хаагчдын хангалт үйлчилгээг сайтар зохион байгуулж байгаагаа ч илэрхийллээ. Ийнхүү намар, цэрэг хоёр завгүй хөдөлмөрлөж байхтай нь таарч, хэсэг хугацаанд саатан хөөрөлдсөн нь энэ билээ.

Ахмад Д.БОЛОР

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117