Зэвсэгт хүчний алба хаагчид Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдсан гийр өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалиудыг "түүсэн" тухай баяртай мэдээ ирлээ.
Дэлхийн 13 орны 700 гаруй шилдэг гийр өргөгчдөөс ОХУ-ын Костома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн дөрөвдүгээр дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг-ын жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хос алтан медаль, мэргэжлийн төрлөөр хүрэл медаль, ҮБХИС-ийн ЦНДС-ийн Цэргийн холбооны инженерийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Б.Ундрах 68 кг-ын жинд хос алтан медаль, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Э.Ирээдүй 95 кг-ын жинд алт, мөнгөн медалийг хослуулсан ба манай залуус Монгол Улсынхаа Төрийн дууллыг хүчний спортоор дэлхийд тэргүүлэгч Киргиз Улсад таван удаа эгшиглүүллээ.
Ингэснээр дэд ахлагч Э.Буджав, ахлах ахлагч Э.Ирээдүй, сонсогч Б.Ундрах нар 2023 оны гийр өргөлтийн дэлхийн аваргаа дахин баталж, хошой аваргууд болж чадлаа. Тодруулбал, 2023 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Узбекстан Улсад зохион байгуулагдсан гийр өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд ахлагч Э.Буджав хоёр алт, нэг мөнгө, сонсогч Б.Ундрах гурван алт, нэг мөнгө, ахлах ахлагч Э.Ирээдүй нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн билээ.
Дэд ахлагч Э.Буджавын хувьд 2022, 2023, 2024 онд дараалан Гийр өрөлтийн дэлхийн аварга болж, гийрийн 68 кг-ын жинд манай гаригийн хамгийн шилдэг нь болон дархлагдлаа.
Ахмад Д.БОЛОР