• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"СЭЛЭНГЭ-2024" ХЭЭРИЙН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-08-25 09:28:05
Үзсэн: 206

"СЭЛЭНГЭ-2024" ХЭЭРИЙН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-08-25 09:28:05 Үзсэн: 206



     Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2024" хээрийн сургууль Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Дорнодын их талд амжилттай зохион байгуулагдлаа. 8 дугаар сарын 25-ны энэ өдөр сургуульд оролцогч хоёр орны цэргийн алба хаагчид нэгдсэн буудлагыг зохион байгуулж, сургуулийн зорилго, зорилтуудаа бүрэн дүүрэн биелүүлэв. Байлдааны буудлагыг албаны зочдоос гадна орон нутгийн иргэдэд нээлттэй зохион байгуулж, Халхын голын байлдааны ялалтын үнэ цэн, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн сурталчлав.

     Сургуулийн хаалтын ёслолд Халхын голын байлдааны цор ганц гэрч болон үлдсэн 103 настай Ц.Чимэдцэрэн гуай хүндэт зочноор хүндэтгэлтэйгээр уригдаж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев нарын албаныхан оролцов.

     Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ "Манай хоёр орны цэргийн хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ бол анх 2008 оноос “Дархан” нэртэйгээр, 2011 оноос “Сэлэнгэ” нэрийн дор 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль юм. Энэ удаагийн хамтарсан сургууль нь Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээтэй давхцан явагдаж, Монгол, Зөвлөлтийн дайчин нөхөрлөл, баатарлаг ялалтын өлгий болсон Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсанаараа онцлог болж өнгөрлөө.

    “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль бодлогоор дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа бүрэн хангаж, хоёр орны Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх боломж, чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, дайчин нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдол үзүүллээ. Мөн орчин үеийн байлдааны ажиллагаанд хэрэглэгдэж буй тактикийн ажиллагааны туршлага, сургамжид үндэслэн хоёр орны Зэвсэгт хүчний анги, салбаруудын харилцан ажиллагааг хангаж, төрлийн цэргүүд, түүний дотор цэргийн нисэх хүчний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлснээрээ өндөр үр дүнтэй сургууль болсныг онцлон тэмдэглэе" гээд хоёр орны дайчин нөхөрлөлийн алтан гагнаас болсон энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулж, сургуулийн удирдагчаар ажилласан Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр, Оросын Холбооны Улсын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа М.М.Никитин нарт тусгайлан баяр хүргэв.

     Түүнчлэн Халхын голын байлдааны түүхэн ялалтын ач холбогдол, тусгаар тогтнолын үнэ цэнийг иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлан ойлгуулах, эрэлхэг дайчдынхаа баатарлаг уламжлал, эх оронч үлгэр дуурайллыг хойч үеийнхэндээ өвлүүлэх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, өргөн олонд түгээн дэлгэрүүлэх, түүхэн ялалтын ойг утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг Монгол, Орос дайчид хамтран хэрэгжүүлснийг дурдлаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 117