Залуу насныхаа эрч хүч, мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж явсан эрхэм хүндэт ахмадууд, өдгөө тэдний дайчин уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлж буй офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч Та бүхэнд Зэвсэгт хүчний "Инженерийн цэргийн өдөр”-ийн болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр анги үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Түүхэн цаг үед Монгол цэрэг дайн тулалдаан хийх үедээ дайснаас хамгаалах түр зуурын бэхлэлт, саад байгуулах, гол мөрнийг гатлах, хэрэм цайзыг эвдэх төрөл бүрийн оньсон төхөөрөмжийг бүтээж ашиглах зэргээр цэргийн урлаг, ахуй амьдралын хэв маягаас инженерийн цэргийн үүсэл тавигдсан юм.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдаж байсан түүхэн он жилүүдэд инженерийн цэрэг Монгол Ардын хувьсгалт цэргийн бүрэлдэхүүнд өөрийн байр суурийг бий болгож, улмаар 1928 онд “Эвдэх ба сэлбэн засах сапёрын салаа”-г анхлан байгуулсан нь орчин үеийн инженерийн цэргийн эхлэл бөгөөд үүнээс үндэслэн Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1944 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн н/0112 дугаар тушаалаар “Ардын Армийн Сапёрийн тусгай рот” нэртэйгээр анхны инженерийн салбар байгуулагдсан түүхтэй.
Түүхийн энэ хугацаанд 1945 онд Чөлөөлөх дайнд оролцож инженерийн хангалтын үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу 1947 онд Баруун хил дээр болсон тулгарах байлдаанд Ховдын 4 дүгээр морьт хороонд хүч хавсран тулалдсан баатарлаг гавьяатай дайчин хороо, энх цагт ч даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хангахын төлөө олон улсын болон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 800 гаруй энхийг сахиулагчдаа илгээж оролцуулсан түүхэн алдрын эзэд юм.
Манай инженерийн цэргийнхэн улс орныг хөгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцож, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос хүн ам, эд хөрөнгийг авран хамгаалах, гамшгийн хор хохирлыг арилгахад дэмжлэг үзүүлж, тэсэрч дэлбэрэх аюул бүхий зүйлсийг аюулгүй болгох хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэж явааг баярын энэ өдөр онцлох учиртай.
Яг энэ цаг үед ч энэхүү бахархам үйлсийг үргэлжлүүлж, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн усчин дайчид Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулахаар ажиллаж байгааг бахархан дурдахад таатай байна.
Инженер сапёрын тусгай хорооны хөгжил дэвшлийн наян жилийн түүхэн ойн баярыг тохиолдуулан тус ангитай ажил, амьдралаа холбосон үе үеийн генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдад ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Инженерийн цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ