Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн говийн бүсийн Сургалтын төвийн “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж буй ихэр цэргүүд болох байлдагч Мөнх-Очирын Бат-Эрдэнэ, Мөнх-Очирын Баяр-Эрдэнэ нарыг онцолж байна.
Тэд Цэргийн албаны тухай хуульд заасанчлан сайн дурын үндсэн дээр хамтдаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа ба төрсөн нутаг ус нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумынх.
“Оюутан цэрэг”-т хамрагдахаас өмнө Өвөрхангай аймгийн Политехник коллежид иргэний барилгын техникч мэргэжлээр нэг ангид суралцаж байв. Хайрт ээж Алтанчимэгийнхээ зааж зөвлөсний дагуу эр цэргийн албаа хаахаар хамтдаа яваа тэд хүсэл мөрөөдлөөрөө татагдан ирсэндээ талархаж, олон зүйлээс суралцаж буйгаа ярилцлагын эхэнд өгүүлж байлаа.
Байлдагч М.Баяр-Эрдэнэ “Их сургууль маань амарч байгаа энэ хугацаанд “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаагаа хамгийн том боломж гэж харж байна. Энэ боломжийг оюутан залууст гаргаж өгсөн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэндээ баярлалаа. Бид цэргийн албанд ирээд найз нөхдийн хүрээгээ маш их тэлсэн.
Газар газрын хөвгүүдтэй
Галтай насандаа ижилдэн ... гэдэг дууны мөрт хүртэл шууд орж ирж байна. Он жавууд маань бид хоёрыг ялгадаггүй. Өөрсдийн хүсэлтээр өөр өөр салаанд орсон” гэв.
Байлдагч М.Бат-Эрдэнэ “Цэргийн албанд ирээд биеэ дааж сурч, эх орныхоо төлөө хүлээсэн үүргээ ухамсарлаж ойлгохын зэрэгцээ ижийгээ маш их бодож байна. Аавыг маань бурхан болсны дараа бид хоёрыг айлын хүүхдүүдээс дутаахгүй өсгөнө гэж мөн ч их хичээсэн дээ. Ээж минь их ажилсаг. Ямар ч ажлыг гололгүй хийдэг. Бид хоёрыг наашаа мордоход албаа нэр төртэй хаагаад ирээрэй хэмээн захисан. Халагдаж очоод хамгийн түрүүнд ижийгээ баярлуулна аа” гэсэн юм.
Ахлах дэслэгч Г.НАНДИНЧИМЭГ