Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдаж байгаа таван аймгийн оюутнуудыг хамруулсан "Оюутан цэрэг" сургалт амжилттай явагдаж байна. Цэргийн мэргэжил олгох сургалтын явцад оюутан цэргүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, албандаа дасахад нь дэмжлэг үзүүлэх, тэдний спорт, урлагийн авьяасыг нээх зорилгоор соёл хүмүүжлийн олон ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Энэ удаа оюутан цэргүүдийнхээ дунд олс таталтын тэмцээн явуулахад тэргүүн байрт дэслэгч Э.Бямбасүрэн захирагчтай II салааны "Бүргэдийн нүд" баг, дэд байрт дэслэгч А.Бямбаням захирагчтай I салааны "Азаргууд" багийнхан шалгарав. Мөн заавал сурах нийтийн 10 бүжгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд эмэгтэй цэргийн алба хаагчид зааж, оюутан цэргүүдийнхээ чөлөөт цагийг боловсон өнгөрөөж, нөхөрлөлөө бэхжүүлэхэд нь тусалсан юм.
Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн их, дээд сургууль, Политехникийн коллежийн оюутнуудыг хамруулсан "Оюутан цэрэг" сургалтын төвийн даргаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын дарга хошууч О.Амарбаясгалан ажиллаж байна.
Ахлах дэслэгч Г.НАНДИНЧИМЭГ