Саяхандаа өдрийн цайгаа уухаар Офицеруудын ордын цайны газарт саатав. Бүгд л цэргийнхэн, нэгнийхээ амар мэндийг асууж, хоол цай болж байна. Тэдний дунд баргил хоолойтой нэг л танил дуу хадаж байсан нь ЗХЖШ-аас цэргийн тэтгэвэртээ гараад удаагүй хурандаа О.Ганбаяр ажээ. “Ажил нь сайн уу” гээд таньдаг бүхэнтэйгээ мэндчилж, тэрээ, энээ гэж дуу хадаан ярилцаж байснаа бүгдийг нь өдрийн хоолонд даана гэнэ. Үүнийгээ тэр би мөнгө төгрөгтэйдөө биш цэргийн хүн л цэргийн хүнээ хайрладаг байхгүй юу гэж хэлээд нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан ажил хэргийн нөхдөө хараад баярлачихсан инээж суухыг нь харах дулаахан зураглал байлаа. Түүний хэлсэнчлэн “Цэргийн хүн л цэргийн хүнээ хайрладаг” гэдэг чимэг үг үнэхээр л үнэн билээ.
Хаана ч явсан эрээн хувцастай цэргийн хүн таарвал баруун мөрийг нь түрүүлж хараад тэр ангийн маань нөхөр явж байна даа гэж дотроо өмчирхөн бодно, цэргийн хүн амжилт гаргасан талаарх мэдээ түгвэл бүгд л лайкдаж, амжилт хүснэ, аль нэг анги байгууллагын хажуугаар гарахдаа ч дотночлон харна гээд бидний алхам тутам тэр чигтээ энэ л ертөнцөөр амьсгалсан байдаг сан. Ямар сайндаа цэргийнхнийг энгийн хувцас өмссөн ч таних амархан. “Десант л хувцас өмсөнө” гэдэгчлэн цэргийн тангараг дор амьдарч яваа энэ салбарын мөрдэстэй бүхнийг хайрлах сэтгэгдэл эрхэм бэлтгэл хурандаагийн үгээр сэтгэлд улам батжин үлдэв ээ.
Ахмад Д.БОЛОР