• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАРАФОНЧ ОХИН
Нийтэлсэн: 2024-06-17 15:21:03
Үзсэн: 163

МАРАФОНЧ ОХИН
Нийтэлсэн: 2024-06-17 15:21:03 Үзсэн: 163



    “Парис-2024” зуны олимпод Монгол Улсаас одоогийн байдлаар спортын 8 төрлөөр 32 тамирчин оролцох эрхээ аваад байна. Зуны олимпод оролцох 32 тамирчны нэг нь Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, ахлах ахлагч Баярцогтын Мөнхзаяа. Марафонч охин гэхээр андахгүй. Тэр өнгөрсөн жил Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж монгол тамирчдын нөөц, тэсвэр хатуужил хэр өндөр түвшинд хүрснийг дэлхий дахинаа тунхагласан юм. Хүн төрөлхтний баяр цэнгэл олимпын наадам, тамирчин бүрийн мөрөөдлийн оргил ДАШТ-д тус бүр хоёр удаа эх орноо төлөөлөн оролцож, уралдааны замаа амжилттайгаар туулсан билээ, тэр. Энэ жил тэр гурав дахь олимпдоо гүйнэ.

     Нэр хүнд, цар хүрээгээрээ Монголын хамгийн том тэмцээн болох “Улаанбаатар марафон” найман удаа зохиогдоход зургаад нь түрүүлсэн амжилт ч мөн л түүнийх. Үүгээр ч барамгүй 3000м, 5000м, 10000м, хагас марафон, марафоны төрөлд Монгол улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Хамгийн сүүлд буюу 06 дугаар сарын 7, 8-ны зохион байгуулагдсан Хөнгөн атлетикийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 10000 м, 5000 м, 4х400 м буухиа гүйлтээс гурван алтан медаль хүртэв. Ингэснээр Б.Мөнхзаяа Монгол Улсын 23 удаагийн үнэмлэхүй аварга хэмээх өндөр амжилтад хүрч байна.

     Тэрээр ярилцлагадаа “Зэвсэгт хүчний тамирчин гэдгээрээ дуудуулахдаа үргэлж баяртай байдаг. Тал нутагт өсөж төрсөн намайг зээр шигээ хурдан бүсгүй гэж өргөмжлөхөд нь ч дуртай. Марафон бол миний хүсэл мөрөөдөл. Хүүхэд байхаасаа л энэ спортод бүхнээ зориулчихсан болохоор “Ухаръя” гэсэн бодол төрж байгаагүй. Алдах юм бол илүү их хичээх ёстой юм байна гэж боддог байснаас “Болъё”гэж ер боддоггүй. Зуны олимпдоо эх орон, Зэвсэгт хүнийхээ алдар нэрийг мандуулахын төлөө бүхнээ дайчилж байна” гэж хариулсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 118