Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119, 120, 326, 334 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, яриа таниулга хийв.
Ажлын хэсгийнхэн ёс зүй болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Бригадын генерал Ж.Болдбаатар уулзалтын эхэнд Засгийн газрын 2020-2024 оны бодлого үйл ажиллагаа, түүнд батлан хамгаалах чиглэлээр туссан зорилт арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгаалал, албан тушаалын орон сууцны хүртээмжийг сайжруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавих зэрэг чиглэлээр хийгдсэн ажлууд үр дүнгээ өгч байгаад бие бүрэлдэхүүн талархаж байгаагаа илэрхийлж байв.
Мөн бие бүрэлдэхүүн сонирхсон асуултдаа хариулт авч, өөрсдийн санал хүсэлтийг анхаарч ажиллахыг хүслээ. Энэ үеэр ажлын хэсгийн зарим гишүүд “Ёс зүй ба ёс суртахуун”, “Менторингийн тухай ойлголт” сэдвээр лекц тавилаа.