2014 оноос эхлүүлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам” сургалт дадлага энэ онд 10 дахь жилдээ амжилтай зохион байгуулагдсан билээ. Хамтарсан сургуулийн 10 жилийн хугацаанд гаргасан үр дүн, ач холбогдол болоод ирэх онуудад хэрэгжүүлэх “Зам”-ын шинэ шатны хөтөлбөрийн талаарх зөвлөлдөх уулзалт 6 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдлаа.
Төлөвлөлтийн хурал Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас эхэлсэн бөгөөд Монгол Улсын талаас Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Япон Улсын талаас Япон Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын хэлтэс, Энэтхэг-Номхон далайн бүсийн бодлогын газрын барилгын хэлтсийн орлогч дарга Хомма Минору нар “Зам” сургуулийг ирэх жилүүдэд “Нэгдсэн Үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хүчний бааз барих” сэдвийн хүрээнд гурван жилийн хугацаатайгаар шинэ шатанд гаргаж, өргөжүүлэх талаар ярилцлаа.
Үүний дараа Японы талын төлөөлөгчид Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний Жанжин штабт зочлов.
Зочдыг БИЦУГ-ын Ерөнхий инженер, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга дэд хурандаа Ц.Гантулга, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Ц.Батмөнх нар угтан авч, барилга-инженерийн цэргийн бүрэлдэхүүнээс “Зам” сургалт, дадлагад оролцуулах талаар санал солилцсон юм.
Зөвлөлдөх хурлын төгсгөлд ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Ажиллагааны Удирдлагын газрын Зэвсэгт хүчний инженерийн дарга хурандаа Ц.Ганхөлөг нар төлөөлөгчидтэй ирэх жилүүдэд хэрэгжих сургалтын агуулга, хөтөлбөрийн талаар ярилцаж, саналаа нэгтгэсэн юм.
Японы талаас шинэ хөтөлбөрөөр хэрэгжих сургалтыг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн хүчний бааз барих чиглэлд явуулах сонирхолтой буйгаа илэрхийлж, онолын мэдлэгийг Япон Улсад олгож, дадлагыг Монгол Улсад явуулах боломжтой гэдгээ онцолж байсан юм.