"Улаанбаатар марафон-2024"-ийн 21 км зайд хослол, ботинктой гүйсэн Ц.Амаржаргал гэдэг залуугийн туг.мн сайтад өгсөн ярилцлага нийгэмд эерэг сэтгэгдлийг ихээр төрүүлсээр байна. "Аливаа зүйлд шалтаг гэдэг бол болих шалтгаан биш, юу ч байсан туршиж үз, анхдагч бүхэн төгс байх албагүй" гэсэн түүний ярилцлага олон залууст урам зориг, хүсэл тэмүүлэл, эерэг хандлагыг өгч байна.
Хамгийн сонирхолтой нь Ц.Амаржаргал Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуу байна. Алба хаах хаахдаа өөртөө олон зөв дадлыг зуршил болгосны нэг нь гүйх, халуун дулаанаар бусдыг сонсож ярилцах хүмүүжил нь гэнэ лээ.
Тэрээр цэргийн албанаас авсан хүмүүжил, хүсэл мөрөөдлөөрөө Friendly coffee shop нээн ажиллуулж байгаа, үйлчлүүлэгчдээ чин сэтгэлээсээ үйлчлэх нь түүний зорилго нь гэнэ. Кофе шопт нь бяцхан номын сан, уулзалтын өрөө, тэр бүү хэл кофе уунгаа шатар тоглох өрөө ч байгааг ярилцлагадаа өгүүлж байлаа. Зөвөөр үлгэрлэгч эрхэм байлдагчийн маань ирээдүйн их зам мөр нь үргэлж гэрэлтэй байг ээ!
Ахмад Д.БОЛОР