• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АВАРГЫН ЦОМЫГ ГУРАВ ДАХЬ УДААГАА ӨРГӨСӨН АХМАД Б.ЦЭНГЭЛСҮРЭН
Нийтэлсэн: 2024-05-28 10:25:50
Үзсэн: 324

АВАРГЫН ЦОМЫГ ГУРАВ ДАХЬ УДААГАА ӨРГӨСӨН АХМАД Б.ЦЭНГЭЛСҮРЭН
Нийтэлсэн: 2024-05-28 10:25:50 Үзсэн: 324



      Зэвсэгт хүчний аварга шалгаруулах 2024 оны “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөв. Энэ жилийн тэмцээн олон онцлогтой болсны дотор зарим шилдгүүд нь уламжлалт аваргууд байсан нь цэргийнхний хуучлах сэдэв байв. Олон олон аавын хүү, ээжийн охидын гаргасан амжилтуудаас хамгийн онцгой нь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан байсныг мөрдэстэй бүхэн хуучилж байна. Тэд хугацаат цэргийн алба хаагчдын салаагаараа 2022 оны Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор" тэмцээнээр хүртсэн хошой алтан медалийн амжилтаа энэ онд бататгаж, аваргын цомыг дахин өргөснөөрөө яахын аргагүй бахдах сэдвийн эзэд болж чадсан хэрэг. Олон зуун шилдэг тамирчин, бэлтгэгдсэн хугацаат албаны дайчидтай Мотобуудлагын олон олон нэгтгэл ангиас химичин дайчид сүүлийн 3 жилдээ ингэж онцгойрч байгаа нь яах аргагүй маршийн салаанд гүйсэн залуусын цаг наргүй сургалт бэлтгэл, удирдлагын дэмжлэг, хамт олны нөмөр нөөлөгтэй салшгүй холбоотой.

   Тэр дундаа 2022, 2024 оны марш бүрээс хугацаат цэргийн салаагаараа гурван алтан медалийг хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн офицер бол мэдээж тус салааны захирагч ахмад Баярмагнайн Цэнгэлсүрэн. Тэр 2022 онд ч Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит маршийн тэмцээнд цэргүүдээ ахлаад марш гүйсэн, түрүүлсэн. 2024 онд ч нутаг нутгаас цугласан шилдгийн шилдэг залуусыг ардаа орхиж, хугацаат цэргүүдтэйгээ хамт аваргын алтан цомыг дахин өргөж зогссон нь энэ билээ.

   Хугацаат цэрэгтэйгээ хамт аваргын алтан медаль л хүртдэг тэрбээр 2015 онд ҮБХИС-ийг Химийн авто, хими-технологич мэргэжлээр төгссөн, Зэвсэгт хүчинд 11 дэх жилдээ алба хааж байгаа офицер. Ажлын гараагаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас эхэлж, хоёр жилийн дараа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд шилжин, 2020 оны 8 дугаар сараас Зэвсэгт хүчний 119 дугаар ангид томилогдон ажиллаж байгаа ажээ.

   Олон мянган хугацаат албаны дайчдаас хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаараа түрүүлсэн салааны захирагчийн тактикийг сонирхоход “Сэтгэл зүйг нь өөдрөг байхад нь л чиглэсэн” гэж байна. Гараанаас гараад цэгүүдэд үүрэг гүйцэтгэх үед тайван байхыг, сандрахгүй байхыг нь захиж, зарим үед хөгжөөнтэй зүйл ч ярьж өгсөн гэнэ. Аль болох “Би гүйж байгаа шүү” гэдэг ойлголтыг бага ч гэсэн сатааруулахад хугацаат албаны цэргүүд замаа амархан туулчихдаг. Мэдээж түүний хамгийн гол зорилго нь замаа хамгийн богино хугацаанд туулж, тэргүүлэх нь мөн боловч олон аавын хөвгүүдийг барианд бэртэл гэмтэлгүй, бүрэн бүтнээрээ оруулах л чухал гэж тэр хариулна лээ.

Одоо үеийн нөхдөөсөө шалгарсан шилдэг залуус Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн"-д оролцохоор мөн л гүйж яваа ажээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120