Эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж яваа үе үеийн ерөнхий цэргийн мэргэжлийн ахмадууд болон монгол цэргийн дайчин уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа мэргэжил нэгт генерал, офицер, ахлагч нартаа шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 68 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Ардын Хувьсгалт цэргийн мотобуудлагын батальон 1956 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсанаар орчин цагийн Ерөнхий цэргийн түүх эхэлсэн бөгөөд хожим ерөнхий цэргийн офицеруудаас гаргасан санал, санаачилгад тулгуурлан Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар энэхүү өдрийг “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр” болгон баталгаажуулсан билээ.
“Ерөнхий цэргийн командын офицер” хэмээх цэргийн мэргэжил бүхний зангилаа болсон ажил, албандаа ямагт манлайлж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулсан үе үеийн мэргэжил нэгт дайчин нөхөд тэр дундаа ахмад буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе!
Энэхүү түүхт өдөр нь улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх оронч ерөнхий цэргийнхний цагийн түүхэнд бүтээсэн гавьяат үйлсээр бахархах, өсвөр, залуу үеийн цэрэг-эх оронч сэтгэлгээг нь бадраах, эх орноо гэсэн хүсэл эрмэлзэл, хайрлан хамгаалах үзэл бодлоор цэнэглэхэд үлгэр дуурайлал үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөө цогтой тэмцэгчид, ард түмнийхээ амар амгалан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалагчдын байгуулсан гавьяа, уламжлуулж үлдээсэн туршлага, сургамж, баатарлаг гавьяаг бүтээлцсэн Ерөнхий цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүний бахдам амжилтыг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.
Эх орноо батлан хамгаалах их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм Та бүхэндээ дахин баярын мэндийг дэвшүүлж, албанд нь өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ