Өнөөдөр “Олон улсын сувилагчийн өдөр” тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий нийтэд сувилагчийн ажил мэргэжлээр бахархах өдөр болгон зарлажээ. Монгол Улсын хувьд 1995 оноос хойш албан ёсоор тэмдэглэдэг болсон байна. Тэмдэглэлт өдөртэй холбогдуулан хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулийн районд ахмад Л.Хатанбаатараар (ХЗЦК) ахлуулсан эмнэлгийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байгаа хос тангарагтай цэргийн сувилагчдаа онцолж байна.
Хээрийн байрлалд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шаардлагатай нэгэнд нь яаралтай хүргэж, ариутгал цэвэрлэгээг ч тасралтгүй зохион байгуулж байгаа эмнэлгийн бүлэгт ахлагч О.Санчирдорж (336), ахлагч Б.Батцэцэг (123), дэд ахлагч Б.Болортуяа (336), дэд ахлагч Б.Энхтуяа (014) болон Б.Мандахнаран (256), К.Алмагүл (120) нар төрийнхөө соёмбыг тэргүүндээ залчхаад цагаан нөмрөгтэйгөө томилогдон ажиллаж байна.
Ахлагч Б.Батцэцэгийн хувьд Зэвсэгт хүчинд 12 дахь жилдээ алба хааж байгаа, өмнө нь орон нутгийн нэгдсэн эмнэлэгт ажилласан туршлагатай сувилагч ажээ. “Талын түнш-2024” хээрийн сургуульд оролцохоор Ховдын хорооноос дөрвүүлээ ирсэн, аав, ээжийнхээ мэргэжлийг хослуулан гүйцэтгэж яваа охин нь гэнэ. Түүний аав А.Бат-Ерөөлт дэд хурандаа цолтойгоор Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас цэргийн тэтгэвэрт гарсан бол ижий Л.Цэцэгмаа нь мөн цэргийн ангийн эмийн санчаар 30 гаруй жил ажиллаж. Аавыгаа дурайж цэргийн, ээжтэйгээ ижилсэж эмнэлгийн мэргэжилтэн болсноороо үргэлж бахархдаг гэнэ лээ. “Талын түнш-2024” нь түүний оролцож байгаа гурав дахь хээрийн сургууль болохыг өгүүлж, уулархаг бүс нутгаас их говьд ирсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлж байгааг ч жишээ татан ярилаа.
Харин ахлагч О.Санчиндоржийн хувьд 2017 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааснаасаа хойш цэргийн тангараг дор амьдарч яваа залуу. Дорнод аймгийнх. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг бага эмчээр дүүргэж төгсөөд тэр намартаа хугацаат цэргийн албанд татагдсан юм байна. Байлдагч байхад нь цэргийн дарга нар нь мэргэжлийн сувилагч гэдгийг нь сонсоод “Цэргийн алба салбарт ажиллах төлөвлөгөө байна уу, хэрэв хүсвэл бид таныг дэмжинэ” гэдгээ уламжилж. Цэргийн албанаас авсан хүмүүжил төлөвшил нь ч түүнийг энэ зам мөрийг сонгоход нь нөлөөлж, хугацаат цэргийн албанаас халагдсан даруйдаа Зэвсэгт хүчний 336 дугаар ангид томилогдох тушаал өвөртлөөд Дорноговь аймагт ирсэн нь энэ ажээ. Ирээд долоон жил өнгөрсөн байна гэнэ. Энэ хугацаанд БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд нөхдийнхөө хамт үүрэг гүйцэтгэж, эх орондоо хаана хээрийн сургууль, хээрийн гаралт, сургалт дадлага болно тэр бүрт “Мэдлээ, гүйцэтгэе” гэсээр өдийг хүрчээ. Эмнэлгийн хүний хувиар түүнд санаа зовоодог нэг зүйл байдаг нь залуусын шүдний өвчлөл гэнэ лээ. Хугацаат цэргийн албанд татагдан ирсэн залуусын дийлэнх нь шүд хорхойтсон, өвчилсөн байдаг. Энэ нь ирээдүйд олон эрсдэлийг дагуулдгийг ойлгох хэрэгтэй. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг үгийг ярилцлагынхаа төгсгөлд онцолно лээ.
Сувилагчдын дунд эмнэлгийн байгууллагуудад нэлээдгүй жил ажиллаж, туршлага сургамжаар баялаг нэгэн бүсгүй байсан нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн ахлах сувилагч дэд ахлагч Ө.Энхтуяа. 2016-2018 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, 2018 онд Улсын гуравдугаар эмнэлэг, 2018-2023 онд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус ажилласан, Зэвсэгт хүчний эгнээнд нэгдээд нэг жил өнгөрч байгаа аж. Хүүхэд насны цэргийн хүн болох мөрөөдлөө хэзээ ч гээгээгүй нь өнөөдөр хос тангарагтай мөрдэс гоёсон цэргийн сувилагч болоход нь тусалсан гэнэ. Энэ тухай ярихдаа “Хүн хичээвэл боломж үргэлж байдаг, гагцхүү өөрийгөө чадна гэдэгт л итгэх хэрэгтэй” гээд анхны хээрийн сургуулиас суралцах зүйл арвин, цэргийн алба хаагчдаараа бахархах сэтгэл дүүрэн байгааг баяртайгаар өгүүлж байсан юм.
Тэд бас эх орныхоо мянга мянган зорилго нэгт нөхдөдөө тэр дундаа цэргийн сувилагч нартаа “Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд өргөсөн тангаргаараа жигүүр хийн ямар ч хүнд хэцүү нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байдаг цагаан нөмрөгт баатрууд та нартаа халуун баяр хүргэе” хэмээн дамжууллаа.
Эх сурвалж: "ТАЛЫН ТҮНШ-2024" ХЭЭРИЙН СОНИН