• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123, 256, 186 ДУГААР АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-09-29 13:11:05
Үзсэн: 399

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123, 256, 186 ДУГААР АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-09-29 13:11:05 Үзсэн: 399



   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга 21 аймгаар тойрон ажиллаж байгаа билээ. Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, амжилт ололт, бэлэн байдал, бэлтгэлжилтийн дээшлүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээг нь сонсож байгаа юм. Түүнчлэн түүнийг орон нутагт ажиллахад нь Зэвсэгт хүчний ангиудын хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авч байгаа билээ.

Тэрээр 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймагт ажиллахдаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангид зочилж, хугацаат цэргийн алба хаагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг нь сонирхсон бөгөөд тус ангийн захирагч, хурандаа Х.Энхболд штабын бэлтгэл, салбарын бэлтгэл, нэг бүрийн бэлтгэлийг хэрхэн дээшлүүлж буйгаа танилцуулаад сүүлийн үеийн ололт амжилтуудаа тодотгосон юм. Ерөнхийлөгчийг дагалдаж ЗХЖШ-ын СБТГ-ын дарга, хурандаа Ч.Цогтжаргал ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгч үргэлжлүүлээд Өвөрхангай аймагт 9 дүгээр сарын 24-ний өдөр ажиллахдаа Зэвсэгт хүчний 256 дугаар ангид  зочилсон юм. Тус ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах Зэвсэгт хүчний хэмжээнд жишиг болохуйц Соёл, спортын төвийг 2018 онд, 200 цэргийн багтаамжтай цэргийн гал тогоог 2019 онд тус тус барьж ашиглалтад оруулсан. Зэвсэгт хүчний барилгачин дайчид богино хугацаанд барьсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид танилцууллаа. Энэхүү байгууламжууд нь орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж, алба хаагчдын хооллох болон  соёл, олон нийтийн ажил зохион байгуулах тохилог орчныг бүрдүүлсэн байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сайшааж байсан юм.

Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас олон улсын энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 600 гаруй алба хаагч оролцсон бөгөөд өдгөө ч  цөөнгүй цэргийн алба хаагч БНӨСУ болон ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа, төмөр замын бүтээн байгуулалтад 2019 оноос тус ангийн тодорхой тооны бүрэлдэхүүн оролцож байгаа талаар танилцууллаа. Үүнд цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож явааг онцолж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр ажиллав.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 9 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймагт ажиллахдаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай  танилцлаа. Тус ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн Орхон аймгийн бэлтгэл үүрэгтнүүдийг хамруулсан Дайчилгаатай Команд штабын хээрийн сургуулийг өнгөрсөн 8 дугаар сард амжилттай зохион байгуулснаа хамгийн эхэнд онцлоод ангийн түүх замнал, амжилт ололтын талаар танилцуулсан юм. Ерөнхийлөгч Дайчилгаатай Команд штабын хээрийн сургууль нь бэлтгэл үүрэгтнүүдээр дамжуулан тухайн орон нутгийн цэрэг-эх оронч үзэл хүмүүжилтэй болгоход их чухал үүрэгтэйг дурдаад цаашид энэхүү сургуулийг аймаг бүрт жил жил ээлжлэн зохион байгуулж байх нь зүйтэй гээд тус ангийнханд өндөр амжилт хүслээ.. Ерөнхийлөгчийг дагалдаж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар ажилласан юм.

Ташрамд онцлоход, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний ангиуад ажиллахдаа тухайн ангийн удирдлагуудад зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг сайжруулах, алба хаагчдаа замын хөдөлгөөнд соёлтой зөв оролцуулах, цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөх, ёслож хүндлэх журмыг хэвшүүлэх, цэргийн алба хаагчдын ёс зүй, хувийн соёлыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нэгтгэл, анги, салбарт дотоод албыг хэвшүүлэх, сахилга, дэг журам, албаны хариуцлагыг дээшлүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг өсгөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж байсан юм. 

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109