• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУД СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-09-27 13:55:21
Үзсэн: 331

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУД СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-09-27 13:55:21 Үзсэн: 331



   Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтын төгсгөлд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын захирагч нар Хуурай замын цэргийн командлалд ажиллаж, 2020-2021 оны сургуулийн жилийн сургалт болон сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөгөө Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатараар батлууллаа. Энэхүү арга хэмжээний эхэнд Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр ЗХЖШ-аас зохион байгуулсан "Штабын бэлтгэлжилт"-ээр тэргүүлэгч анги шалгаруулах бэлэн байдлын үзлэгт шагналт байр болон нэгдүгээр шатанд шалгарсан нэгтгэл, ангиудын удирдлагад баяр хүргээд үргэлжлүүлэн тодорхой чиглэлүүдээр үүрэг өглөө. Тухайлбал, сургалт бэлтгэл, бэлэн байдал, ар тал хангалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, цэргийн алба, сахилга хариуцлага, үүрэг гүйцэтгэлт, бие бялдар, эрүүл мэндийн бэлтгэлжилтийг дээшлүүлэх чиглэлээр ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийг биелүүлэх, хоёрдугаарт өвөлжилтийн бэлтгэлээ нэн даруй базааж дуусгах, гуравдугаарт, удахгүй 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчдыг халахдаа анхаарах асуудлын талаар ярилаа. "Зэвсэгт хүчинд нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан залуусыг цэргийн дүрэмт хувцастай нь халж, ар гэрт нь хүлээлгэж өгөөрэй. Түүнээс биш анх ирэхдээ өмссөн дээлтэй нь, хүрэмтэй нь буцааж явуулмааргүй байна. Цэргийн дүрэмт хувцастай халагдана гэдэг түүгээр аав, ээж, ах дүүс, найз нөхөд, хамт олон, сум орон нутаг, дүүргийнхэн нь бахархахад их чухал үүрэгтэй. Гандсан ч гэсэн сайхан угааж, индүүдэж өгөөд өмсүүлээрэй. Бид энэ тогтолцоо руу цаашдаа явна" гэв. Үргэлжлүүлээд Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2020" хээрийн сургуулийн талаар мэдээлэл өглөө. "Сэлэнгэ" сургуулийг өмнөх жилүүдэд Зэвсэгт хүчний аль нэг нэгтгэл, ангиудыг түшиглэн явуулж ирсэн. Энэ нь тухайн ангийн бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд маш том түлхэц өгдөг нь олон жишээ баримтаар харагддаг. Энэ жилийн хувьд бид мотобуудлагын хороо болон төрөл мэргэжлийн ангиудаасаа тодорхой бүрэлдэхүүн татаж, оролцуулах гэж байна. Сургуулийн хүрээнд Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлтийг улам сайжруулахад түлхүү анхаарч байна гэлээ.

  Үүний дараа Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар мөн үүрэг, чиглэл өгсөн. Тэрээр "ЗХЖШ-ын дарга та бүхэнд хангалттай үүрэг өгсөн. Та бүхэн үүргээр "бялхсан" гэж харж байна. Манай Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд энэ жил бэлтгэлжилт, бэлэн байдал болон алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэхэд маш их анхаарч байгааг бид мэднэ. Ерөнхий утгаар нь харвал маш амжилттай байгаа. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэгчлэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөхөд онцгой анхаарах шаардлага манай дарга нарт байгаа гэдгийг хатуу сануулъя. Шинэ сургуулийн жилд сургалтын шинэ тогтолцоогоор та бүхэн бэлтгэл, сургалтаа явуулахдаа штабын бэлтгэл, салбарын бэлтгэл, нэг бүрийн бэлтгэлд анхаарч ажилла. Бид сурах бас сургах үүрэгтэй учир дээрх бэлтгэлийг аль аль түвшиндээ сайн явуулаарай" гээд ирэх сард зохион байгуулагдах орон нутгийн сонгуульд оролцохдоо анхаарах асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийгэм рүү хандсан ажил, арга хэмжээг явуулж, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, цэрэг дайчдаа олон нийтэд сурталчилж байхыг үүрэгдлээ. Мөн тэрээр бие бүрэлдэхүүнээ цэргийн алба хаагч талаас нь үүрэг даалгавар өгөхийн сацуу залуу хүн, залуу гэр бүл талаас нь харж, орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллахыг захиж байсан юм.  

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд нэгтгэл, ангиудад үйл ажиллагаанд хэрэглэх иж бүрэн камер гардуулан өгсөн юм.

Энэ үеэр зарим ангийн захирагч нарын сэтгэгдлийг хуваалцсан юм.

ШИНЭ ХУГАЦААТ ЦЭРГЭЭ АВАХАД БИД БЭЛЭН

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа У.Буянжаргал:

-Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар их зүйл сурлаа. Цугларалтаар олж авсан мэдээлэл болон удирдлагуудаас авсан үүргээ анги, хамт олноороо бүрэн дүүрэн биелүүлэхийн төлөө хичээж ажиллах болно. Манай ангийн хувьд олонх нь төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, торойх зүйлгүй талд нутагт монголчууд өөрсдөө бүтээж чаддаг гэдгийг бусад нөхдийнхөө хамт үлгэрлэн харуулж байна. Хэдий олонх нь бүтээн байгуулалтад оролцож байгаа ч ангийн сургалт бэлтгэл, бусад арга хэмжээ урьдын адил төлөвлөгөө, графикийн дагуу явагдаж байна. Өвөлжилтийн бэлтгэлээ үндсэндээ хангаад дууссан. Хадлан, ногоогоо 100 хувь хурааж авчихсан. Одоо нүүрсээ татаад авчихвал бэлтгэл шувтарч байна. Халуун, дулааны урсгал засваруудаа хийгээд дууссан. 2020 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдах залуусаа хүлээж авахад бэлэн. Бидэнд тулгамдаж байгаа асуудал байхгүй. Одоо зөвхөн ажлаа сайн гүйцэтгэх л даалгавар манай хамт олонд бий.

БЭЛЭН БАЙДАЛ, СУРГАЛТ БЭЛТГЭЛД ТҮЛХҮҮ АНХААРЧ БАЙНА

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Бүрнээбаатар:

-Манай анги өвөлжилтийн бэлтгэлээ хангаад дууссан. Хадлан, ургац хураалт, түлээ, нүүрсний татан авалт, мал, махан бүтээгдэхүүний хангалт үндсэндээ дууссан. Түүнчлэн ангийн зарим барилга байгууламждаа урсгал засвар хийж, дулаахан өвөлжихөд бэлэн болгосон. Энэ жилийн заах арга зүйн цугларалт их онцлогтой боллоо. Шинэ сургуулийн жилд сургалт, бэлтгэлийн шинэ тогтолцоогоор явах талаар олон сайхан мэдээлэл сонсож, үүрэг авлаа. Сургуулийн жилийн төлөвлөгөөгөө ч шинэ сургалтын тогтолцоонд уялдуулан боловсруулж, батлууллаа. Манай анги, хамт олонд тулгамдаж байгаа асуудал гэвэл 45 хүний суудалтай автобус. Энэ талаараа шат шатны удирдлагууддаа уламжилсан, шийдвэрлэнэ гэдэгт нь итгэж байна. Бидний хувьд 2020-2021 оны сургуулийн жилд сургалт бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлсэн маш чухал жил болно гэж харж байна.

СУРГАЛТЫН ТӨВӨӨ ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТЫН ТӨВ БОЛГОН ӨРГӨЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙГАА

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Т.Тогмиддүүмий:

-Юуны өмнө Архивын Ерөнхий газрын улсын үзлэгт Зэвсэгт хүчний 327 дугаар анги тэргүүлсэнд хамт олныхоо нэрийн өмнөөс маш их баяртай байгаагаа хэлье. ЗХЖШ-ын дарга баяр хүргэж их сайхан үг хэлсэн, түүнд нь ч ихэд урамшлаа. Манай хамт олон энэ жил маш их завгүй байна. Сургалт бэлтгэл, бүтээн байгуулалт гээд л. Сургалт бэлтгэл маань сайн байсны үр шим гарч, Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах цэргийн гурван төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн хоёр төрөлт, саадын зурвасын тэмцээнүүдэд амжилттай оролцож, баг тамирчид маань богц дүүрэн медальтай харьцгаалаа. Бүтээн байгуулалтын тухай гэхэд ангийнхаа Сургалтын төвөө Зүүн бүсийн Сургалтын төв болгон өргөжүүлэх зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар зарим тохижилтын ажил өрнүүлж байна. Энэ жилдээ бид цэргийн байр, харуул, хяналтын цэг шинээр төхөөрөмжилж байгаа бөгөөд ирэх жилд буудлагын талбай, халуун усны байрыг барих төлөвлөгөөтэй байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жагсаалын талбайгаа шаардлага, стандартад нийцүүлэн шинээр байгуулж, зэвсэглэл, цэргийн техникийн агуулахуудаа засварлаж, өнгө төрхийг нь сэргээн сайжрууллаа. Түүнчлэн артиллерийн дивизионы цэргийн байрыг “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ын дагуу шинэчлэн тохижуулж, ангийн шалган нэвтрүүлэх байрыг шинээр өргөтгөн зохион байгуулсан байгаа.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116