• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-09-27 12:57:58
Үзсэн: 438

БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 167 ДУГААР ТЭРГҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-09-27 12:57:58 Үзсэн: 438



Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтын төгсгөлд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг ЗХЖШ-аас зохион байгуулсан “Штабын бэлтгэл сургалтаар тэргүүлэгч анги” шалгаруулах бэлэн байдлын үзлэгт тэргүүлсэн нэгтгэл, ангиудад шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ. Бэлэн байдлын үзлэг хоёр үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд комиссын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангиудад ажиллаж, удирдлагын байгууллага, холбооны систем, удирдлагын байруудын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэг бүрчлэн үнэлж үнэлэлт дүгнэлт өгсөн бол хоёрдугаар шатны шалгаруулалтыг нэгдүгээр шатнаас шалгарсан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 150, 167, 186, 256, 310, 325 ангиудын хамтарсан Команд штабын сургуулийг зохион байгуулсан юм. Хоёр шатны нийлбэр дүнгээр "Штабын бэлтгэлжилт"-ээр тэргүүн байрт хурандаа Ж.Өсөхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 167 дугаар анги шалгарч, дэд байрт хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, гутгаар байрт хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар анги шалгарсан юм. Тусгай байрт Зэвсэгт хүчний 256, 150 дугаар ангиуд буухиалсан амжилт үзүүлсэн юм. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг "Штабын бэлтгэлжилт, бэлэн байдал гэдэг та бидний үндсэн үүрэг, заавал гүйцэтгэх ёстой ажил. Энэ удаагийн уралдаан энэ үүргээ дээшлүүлэх, шинэ шатанд хүргэх гараа гэж ойлгоорой" гээд шагналт байруудад шалгарсан нэгтгэл, ангиудад өргөмжлөл гардуулж, хоёрдугаар шатанд шалгарсан ангиудад батламж гардуулан баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Цугларалтын төгсгөлд мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар бэлэн байдлын үзлэгт шалгарсан нэгтгэл, ангиудад баяр хүргэж, энэхүү амжилтаа цаашид улам ахиулахыг захилаа.

Бэлэн байдлын үзлэгт тэргүүлсэн нэгтгэл, ангиудын захирагч нарын сэтгэгдлийг хуваалцлаа.

ӨРГӨМЖЛӨЛӨӨ ТЭВРЭЭД ХАМТ ОЛОН ДЭЭРЭЭ ОЧНО ГЭЖ БОДОХОД САЙХАН БАЙНА

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр:

-ЗХЖШ-ын даргын “Штабын бэлтгэлжилт”-ээр тэргүүлэгч анги шалгаруулах бэлэн байдлын үзлэг явуулах тухай тушаал гарсан цагаас хойш бэлтгэсэн. Хүнээ бэлдсэн, объектоо ч бэлдсэн, бичиг баримтаа ч бэлтгэсэн. Удирдамжид заагдсан бүх шаардлагуудыг хангахад захирагчаасаа эхлээд байлдагч хүртлээ хичээж зүтгэсний үр дүн өнөөдөр тэргүүн байраар ирсэнд маш их баяртай байна. Хамт олныхоо өмнөөс баяртай байна. Бэлэн байдлын үзлэгт энэ олон шилдэг нэгтгэл, ангиудынхаа манлайд нь зогссон нь манай хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа чухал үүрэгтэй. Өргөмжлөлөө тэврээд ангийнхаа хамт олон дээр очно гэж бодоход сайхан санагдаж байна шүү. Манай ангийн хувьд сүүлийн үед өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна. Аймгийн хөрөнгө оруулалтаар ангийн штаб, цэргийн байр, албан тушаалын 11 айлын орон сууцандаа их засвар, шинэчлэл, тохижилт хийж байна. Мөн цэргийн гал тогоогоо боловсруулах танхимаар нь зааглан шинээр тохижуулж, эмнэлэгтээ тусгай зөвшөөрөл авах зорилгоор бүрэн хэмжээний засвар, шинэчлэл явуулж байна. Уурын зуухны тогоо, худгаа ч мөн сэлбэн засварлаж, зам талбай, гэрэлтүүлгээ шинэчилсэн. Түүнчлэн ангиа бүрэн хэмжээнд нь камержуулах ажлыг зохион байгуулж байна даа.

НЭГТГЭЛИЙН СУРГУУЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО “ШТАБЫН БЭЛТГЭЛЖИЛТ”-ЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ БАЙСАН

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Т.Лодойдамба:

-Бэлэн байдлыг үзлэг хоёр сарын хугацаанд хоёр үе шаттайгаар амжилттай явагдлаа. Манай нэгтгэлийн хувьд бэлэн байдлын үзлэгт зориулж бэлдсэн гэж хэлэхгүй. Яагаад гэхээр 2019-2020 оны сургуулийн жилд “Штабын бэлтгэлжилт”-ээ дээшлүүлнэ гэсэн зорилго тавиад, хамт олноороо зүтгэсэн. Энэ зорилгын хүрээнд олон ажил өрнүүлсний нэг нь оюуны үнэтэй бүтээл болох үүрэг гүйцэтгэлтэй холбоотой программ юм. Энэхүү программ болон хөдөлгөөнт командын байраа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт үзүүллээ. Ерөнхийлөгчийн хувьд санаа авч, сайжруулах олон чухал санал хэлж байна лээ. Түүний саналыг сонсоод программаа улам төгөлдөржүүлж, сайжруулах шаардлага байна гэж харлаа. Цаашдаа Зэвсэгт хүчний бусад нэгтгэл, ангиудад программаа нэвтрүүлэх зорилготой байгаа. Энэ бол мэдээж манай оюунлаг залуусын хүч хөдөлмөрөөр бүтсэн шинэ ажил гэдгийг онцлон хэлмээр байна.

ШИНЭ СУРГУУЛИЙН ЖИЛД ДАДЛАГА ГОЛЛОСОН СУРГАЛТЫГ ТҮЛХҮҮ ЯВУУЛНА

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн:

-Штабын бэлтгэлжилт гэдэг нь бидний үндсэн хөдөлмөр юм. 2019-2020 оны сургуулийн жилийн хүрээнд штабын бэтгэлжилт, сургалт бэлтгэлээ сайжруулах, шинэ түвшинд хүргэх зорилго, зорилт тавиад ажилласны маань үр дүн өнөөдөр гарсанд маш их баяртай байна. Хамт олны маань хөдөлмөрч, бүтээлч санаачилга энэ хүндтэй шагналыг хүртэх гол хөшүүрэг байлаа. Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтаар ЗХЖШ-ын дарга, Хуурай замын цэргийн командлагч нар шинэ сургуулийн жилд сургалт бэлтгэл, бэлэн байдал, цэргийн алба-сахилга, хариуцлагаа дээшлүүлэх талаар олон чухал үүрэг өглөө. Ирэх сургуулийн жилд бид бүхэн дадлага голлосон сургалт, бэлтгэлүүдийг түлхүү явуулна. Манай ангийн хувьд сүүлийн жилд зохион байгуулагдаагүй Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг амжилттай явуулсандаа баяртай байгаа.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА, гэрэл зургийг О.МӨНХБАТ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116