
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд "Цацрагийн ослын үеийн мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа" сэдэвт хамтарсан дадлага, сургуулилтыг өнгөрөгч долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад онол, дадлагын хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Тус сургуулилтыг Цөмийн энергийн комиссын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ын харьяа Цацрагийн хяналтын лаборатори зэрэг мэргэжлийн, тусгайлсан чиг үүрэг бүхий долоон байгууллагын алба хаагчид оролцож мэдлэг, туршлага солилцсон юм. Уг дадлага, сургуулилтын гол зорилго нь цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, ослын нөхцөлд ажиллах хариу арга хэмжээ авах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, чиг үүргийг нь тодотгоход оршиж байв.
ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн Химийн техникийн хангалтын мэргэжилтэн, хошууч Б.Түвшинжаргал "Зэвсэгт хүчний тухай хуульд зааснаар байгалийн гамшигт аюул, осол болсон тохиолдолд Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байдаг. Түүхэн хүрээнд авч үзвэл, 1989 онд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд цацрагийн үүсгүүрийн осол болж байсан. Тухайн үед Зэвсэгт хүчний томилгоот бие бүрэлдэхүүн уг үүсгүүрийг аюулгүй болгох чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн. Бидний гол зорилго бол хэрвээ манай оронд цацрагийн ослын үеийн нөхцөл байдал үүсвэл гүйцэтгэх үүргээ тодорхой болгохын сацуу энэ сургалтад оролцож байгаа бусад төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх явдал юм. Мэргэжлийн байгууллагуудын дунд 2011 оноос хойш ес дэх жилдээ хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь цацрагийн осол гарсан үед аль байгууллага нь хэзээ, ямар арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг тодотгосноос гадна бие бүрэлдэхүүний мэдлэгийн цар хүрээг дээшлүүлж, дадлага туршлага олгосноороо өндөр ач холбогдолтой"-г онцлов.
Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Цацраг, хими, биологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Д.Алтан-Очир "Мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд хамтарч ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. Сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд томоохон сургалт, хамтын ажиллагаануудад оролцсон. Цацрагийн ослын нөхцөл байдлын үед ОБЕГ-ын хувьд тэргүүлэх үүрэгтэй оролцоно. Энэ хүрээнд гамшгаас хор, аюулыг арилгах, аврах, сэргээн босгох үйл ажиллагааг явуулдаг. Бид бүхэн 2020 онд багтаан Монгол Улсын ослоос хамгаалах нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газраар батлуулахад бэлэн болсон. Тодруулбал, ослын үеийн нөхцөл байдал үүссэн болон ослын дараа сэргээн босгох үйл ажиллагаанд аль байгууллага хэрхэн оролцох асуудлыг тодотгосон төлөвлөгөө гэсэн үг.
Мөн боловсон хүчнээ бэлтгэх тал дээр санал солилцохоор зэхэж байна. Одоогоор ҮБХИС, ХСИС-д энэ чиглэлээр бэлтгэдэг. Харин Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын ажлын албанаас мэргэжилтнүүдээ гадаадын зарим сургалтад хамруулдаг. Жишээ нь, Японы атомын агентлагтай хамтарсан сургалттай уялдаа холбоотой ажилладаг" гэсэн юм.



Эх сурвалж: "Соёмбо" сонин