• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨВ АЙМАГТ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-14 13:39:38
Үзсэн: 519

ТӨВ АЙМАГТ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-14 13:39:38 Үзсэн: 519



  Төв аймагт 9 дүгээр сарын 14-ны энэ өдөр Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Хүмүүн” цогцолбор ахлах сургуульд Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын санаачилгаар “Цэрэгжлийн танхим”, “Дайчин алдрын булан” байгуулснаа өнөөдөр танилцуулж, нээлтийн ёслолыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатар, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр тэргүүтэй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, багш, сурагчид оролцлоо. Мөн энэ арга хэмжээнд хүндтэй хоёр зочин байсан нь Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Д.Найдан, Н.Намжилмаа нар байв. Тэд 98-99 настай бөгөөд “Ахлах ангийн сурагчдад цэрэг армийн арга хэмжээг тогтмол сурталчилж байх нь олон талын ашигтай. Эхний ээлжид цэрэг-эх оронч хүмүүжилтэй болдог, хоёрдугаарт цэргийн алба хаагчдаа хайрлаж, хүндэтгэдэг суурь хүмүүжил олгодог” гэж онцолж байсан юм.

Төв аймгийн хэмжээнд Чөлөөлөх дайнд оролцсон гурван ахмад дайчин өдгөө энх тунх амьдардаг байна. Тэдний нэг ахмад дайчин Д.Зундуй Төв аймгийн Заамар суманд амьдарч байгаа бөгөөд хэвтэрт байгаа учир хүүхдүүд нь төлөөлж ирсэн байв. Цэрэгжлийн тэнхим нээх ёслолын үеэр ахлах ангийн сурагчдын дунд зарласан гар зураг болон зохион бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдын шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгсөн. Үүний дараа албаныхан БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цогийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Мөн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж, Батлан хамгаалахын сайдын шагнал болон аймгийн Засаг даргын буцалтгүй тусламжийг ахмад дайчин Д.Найдан, Н.Намжилмаа болон Д.Зундуй нарын үр хүүхдүүдэд гардуулан өгсөн юм.

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Төв аймгийн хэмжээнд өнөөдөр Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн эрх чөлөө, амар амгаланг бидэнд үлдээсэн ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж, ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг олгох Цэрэгжлийн танхимыг нээж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь биеэ үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан ахмад дайчдадаа эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэв.

“Хүмүүн” цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг “Манай сургууль дээр “Цэрэгжлийн танхим”, “Дайчин алдрын булан” байгуулсан нь маш зөв алхам. Бид Зэвсэгт хүчний үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажилладаг. Сурагчид маань ч Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээний арга хэмжээнд идэвхтэй оролцдог шүү. Жишээлбэл, “Дөл” тэмцээнд тэргүүн байр эзэлдэгт нь захирлынх нь хувьд баяртай явдаг”” гэв. Мөн тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Түмэн-Амгалан “Үнэхээр бахархмаар арга хэмжээ байлаа. Бидний өнөөдрийн амар амгалан эх орны төлөө халуун амь, бүлээн цусаа зориулан зүтгэсэн ахмад дайчдаараа үнэхээр их бахархаж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109