Өнөөгийн ҮБХИС-ийг хуучин Цэргийн дээд сургууль байхад нь 1970-1974 онд суралцаж төгссөн ерөнхий цэргийнхэн Цэргийн тангараг өргөсний 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ажээ. Өдгөө 70-80 настай бэлтгэл офицер, ахлагч нар Цэргийн тангараг өргөсөн түүхт өдрөө дурсаж, Хуурай замын цэргийн командлалд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Бэлтгэл хурандаа Б.Энхбаатар ярихдаа “Хэдий бид тэтгэвэр, чөлөөндөө гарсан ч цэрэг армиа үргэлж бодож, өнгөтэй өөдтэй, сайн сайхан яваасай гэж залбирдаг. Цэргийн ангийн хажуугаар ч явсан гэсэн нэг л дотно сайхан мэдрэмж төрдөг. Манай төгсөлтийнхөн өнөөдрийн арга хэмжээнд дуртайяа ирцгээсэн. Цэргийн хүн өргөсөн тангараг, гүйцэтгэсэн үүргээ хэзээ ч мартдаггүй болохоор бид бүхэн өнөөдөр ажил болгож ийн хүрэлцэн ирсэн юм. Бид сургуулиа 20-уулаа төгссөн. Харамсалтай нь долоо нь бурхны оронд морилж, өдгөө 13-уулаа үлдсэн. Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь ууж явсан нөхдийн хувьд Хуурай замын цэргийн командлалаараа зочлоход сэтгэгдэл их сайхан байна. Шинэ байр нь тохитой, алба хаагчдынх нь ажиллах орчин нөхцөл нь үнэхээр сайжирчээ” гэсэн юм. Төгсгөлд нь тэрээр ЗХЖШ, ХЗЦК, АЦК болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, удирдлагууд өөрийнх нь цэргүүд явсныг онцлоод Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа үргэлж өөдөө байг гэж ерөөсөн юм. Ахмад буурлуудад авъяаслаг алба хаагч буюу Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Үлээвэр найрал хөгжмийн хөгжимчин, СТА, ахлах ахлагч Е.Дашзэвэгийн уран бүтээлээс толилуулсны дараа Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр хүлээн авч уулзаж, эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөлөө.