
.jpg)
Чөлөөлөх дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан даян дэлхийд энх тайван тогтоох, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгах их үйлсийн төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эрэлхэг эх орончид, чөлөөнд болон бэлтгэлд байгаа ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Эх орныхоо тусгаар тогтнолыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдал болох 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн тулалдаж, мөнхөд дуурьсагдах ялалтыг байгуулсан билээ.
Чөлөөлөх дайны ялалт нь хүн төрөлхтний түүхэн дэх хөнөөлт дайны сүүлчийн голомтыг устгах, Зүүн өмнөд Азид амар амгалан байдал бий болгох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсад бататгах нөхцөлийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой юм.
Монгол-Зөвлөлтийн дайчид нэгэн зорилгын төлөө байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд их элсэн цөл, өндөр уул даваа, өргөн гол мөрнийг гатлан, Чуулалт хаалга, Долоннуур, Жэхэгийн чиглэлд мянга гаруй километр давшин тулалдсан нь цэрэг эрсийн тэвчээр хатуужил, монгол хүлгийн шандсыг шалгасан түүхэн сорилт байсан.
Чөлөөлөх дайны ялалтын ой нь Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдалт харилцаа, итгэл найдвар, дайчин нөхөрлөл, хамтын тэмцлийн үл мартагдах түүхийг эргэн дурсах тэмдэглэлт үйл явдал бөгөөд эх орноо хайрлах, эр цэргээрээ бахархах, газар шороо, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг мэдрэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх боломжийг бид бүхэнд олгож байна.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцсэн цэрэг эрсийн баатарлаг гавьяа, ахмад үеийнхээ эх оронч үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бид бүхний үүрэг, хариуцлага билээ.
Чөлөөлөх дайнд оролцож, дэлхий дахинд амар амгаланг тогтоох ариун үйлсэд залуу халуун нас, амь биеэ зориулан баатарлаг гавьяа байгуулсан эх орончид, ахмад дайчид болон тэдний гэр бүл, Төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн сүр хүч, цог золбоо мандан бадрах болтугай!
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ