• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЯЗГААР НУТГИЙН ДАЙЧИД, ХОРОО ЦЭРГИЙН АДУУЧИД
Нийтэлсэн: 2020-08-23 12:34:12
Үзсэн: 84

ХЯЗГААР НУТГИЙН ДАЙЧИД, ХОРОО ЦЭРГИЙН АДУУЧИД
Нийтэлсэн: 2020-08-23 12:34:12 Үзсэн: 84



Сүхбаатар аймгаас 2019 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид алба хааж байгаа дайчидтай уулзлаа. Тэд бүгд тал нутагт морины зоон дээр өссөн адуучин залуус юм.

ААВ ШИГЭЭ АЛДАРТАЙ МАЛЧИН БОЛНО

Байлдагч Ц.БАТМӨНХ:

-Би Сүхбаатар аймгийн Халзан сумаас татагдсан. Миний нутаг удамт хурдан хүлгээрээ аймагтаа төдийгүй улсдаа алдартай. Аав, ээж маань малчин хүмүүс. Би дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь. Аавыг маань Ц.Цогтсүрэн гэдэг бөгөөд бид бод, бог нийлсэн 400 гаруй малтай. Жилийн дөрвөн улиралд нутагтаа оторлон малаа маллаж амьдардаг бидний хувьд өдөр хоногийг маш завгүй өнгөрүүлдэг. Малчин хүний амьдрал тийм л байдаг. Би бага байхаасаа аавтайгаа адуунд хамт явдаг байсан учир адууг арчлах, маллах талаар багагүй мэдлэгтэй. Тиймдээ ч ангийн зусланд томилогдсон. Дорнодын талд адуу маллах сайхан юм. Энд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сууриас татаж авчирсан нэлээд адуу бий бөгөөд ангийн ойролцоо тэдгээрийг бэлчээж, уналгад бэлтгэхээс гадна саамыг нь хурааж, айраг эсгэдэг. Миний хувьд эмнэг үрээ, байдас сургаж, уналгад бэлэн болгож байна. Бид энд гараад сар гаруй хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд намар эндээс бууж, адуугаа ангийн суурьт эргүүлэн тавина.

Эргэж очоод нутагтаа малаа маллана. Ирээдүйд аав шигээ нутаг орондоо алдартай сайн малчин болно гэж боддог.

ОФИЦЕР БОЛНО ГЭСЭН ЗОРИЛГООСОО УХРАХГҮЙ

Байлдагч Э.САНЖИЙДОРЖ:

-Манайх Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд нутагладаг. Манай сум улаан ямаагаараа улсдаа алдартай. Мөн Хашаат, Наран, Сайн гэх мэт олон булаг, рашаантай. Ер нь булаг, шанд ихтэй сайхан нутаг даа. Миний аав сумынхаа уугуул малчин бөгөөд 70 гаруй адуу, 100 гаруй бог, 20 гаруй үхэртэй. Би айлын отгон хүүхэд. Дунд ах Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд сургуульдаа үргэлжлүүлэн багшилж байгаад цэргийн албанд татагдаад одоо Хилийн цэргийн 0132 дугаар ангид алба хааж байна. Харин том ах 2009 онд цэргийн алба хаасан бөгөөд одоо нутагтаа ямаан сүргээрээ алдартай малчин болсон. Аав маань ах нарыг бага байхад “Та нар эрчүүд, ирээдүйд айлын эцэг хүн болно. Тиймээс заавал цэргийн алба хааж, олон эрчүүдийн дунд орж, тэдэнтэй нөхөрлөж, хүний үгийг дааж, тэсвэр хатуужилтай болох хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Аавынхаа сургаал, зөвлөгөөг бид гурвуулаа биелүүлж яваадаа баяртай байна.

Цэргээс халагдаад ҮБХИС-д суралцана гэж төлөвлөсөн. Өмнө нь "Их засаг" их сургуулийн эрх зүйн ангид сар гаруй хугацаанд суралцаж байгаад ҮБХИС-д суралцах шалтгаанаар сургуулиасаа гарсан боловч сонсогч болж чадаагүй. Ядаж цэргийн алба хаачихвал сургуульд нь суралцахад дөхөм байх болов уу гэж бодсон юм. Ямартаа ч ҮБХИС-д суралцаж, офицер болно гэсэн зорилгоосоо ухрахгүй.

ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ ХАМГИЙН БАТ БӨХ ГЭЖ БОДДОГ

Байлдагч Г.ЧУЛУУНБААТАР:

-Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт төрсөн. Миний аавыг Т.Гансүх, ээжийг Я.Батцэцэг гэдэг бөгөөд би айлын ууган хүүхэд. Гэр бүлийнхэн маань сумын хойд нутгаар мал маллаж амьдардаг. Манайх дөрвөн азарга адуу, 100 гаруй хоньтой. Багаасаа мал маллаж, адуутай ноцолдож өссөн болохоор ангийнхаа зусланд адуу хариулж, эмнэг сургах нь надад тун ч сайхан байна.

Хот, суурин газраас хол хөндий хөдөө өссөн миний хувьд цэрэгт ирээд их зүйлийг сурч мэдсэн. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцээд тэдэнтэйгээ хамт нэгэн үзүүрт сэтгэлээр бэрхшээл бүрийг хамтдаа давж байгаа болохоор цэргийн нөхөрлөл хамгийн бат бөх гэж би боддог. Нутагтаа очоод аав, ээждээ тусалж, малаа маллана. Миний нутаг чинь Дарьганга, Шилийн богд, Оргихын булаг, Талын агуй, Ганга нуур гээд л монгол түмний бахархал болсон үзэсгэлэнт газруудын өлгий болсон сайхан газар даа.

АЛБА ХААХААР ШИЙДЭХЭД ЭХНЭР МААНЬ ЭХЭНДЭЭ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

Байлдагч Х.БАТ-ОРГИЛ:

-Манайх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт аж төрдөг. Би эхнэр, хүүхдийн хамт хотод амьдардаг бөгөөд хүү маань одоо нэг ой дөрвөн сартай. Эхнэр "Их засаг" их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Харин би 2015 онд "Этүгэн" их сургуульд элсэж татварын эдийн засагч мэргэжлээр энэ хавар төгссөн юм. Хоёр сар гаруй хугацаанд мэргэжлээрээ хувийн компанид ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цаашдаа төрийн байгууллагад ажиллах зорилготой учир цэргийн алба хаахаар шийдсэн минь энэ. Харин энэ ангийг сонгосон учир нь манай уугуул нутгийн найзууд өмнө нь энэ ангид цэргийн алба хаасан учир тэднийхээ зөвлөгөөг дагасан гэх үү дээ.

Оюутны ширээнээс холдоод удаагүй байсан миний хувьд эхэндээ цэргийн албаны онцлог, орчин нөхцөл, сургалт, дадлага гээд бүх зүйл нь содон санагдаж, шантарч, бууж өгөх ч үе байлаа. Тэгэх бүрд өөрийгөө хурцалж, “Надтай адилхан аавын хөвгүүд чадаад байхад би гар, хөл бүтэн эрүүл саруул байж яагаад чадаж болохгүй гэж” өөртөө хэлдэг байсан. "Онжавууд" маань ч надад хэцүү үед үргэлж тусалж, ёстой л “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэх ардын зүйр үг шиг байж чадсан учир би бүх зүйлийг даваад гарсан. Одоо цэргийн албандаа дасаад гүйлт, биеийн тамираараа манлайлагчдын эгнээнд ортлоо өөрчлөгдсөн байна. Анх цэрэгт алба хаахаар шийдэхэд эхнэр маань маш дургүй хүлээж авсан. Орхиж явах гэлээ, тэгээд бүр явах явахдаа Дорнод аймаг руу алба хаахаар явдаг нь ямар учиртай юм гээд их л уурласан. Харин одоо намайг хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг хараад миний сонголтыг хүндэтгэх болсон. Цэргээс халагдаад мэргэжлээрээ ажиллана даа.

"ОНЖАВУУД"-ТАЙГАА ҮРГЭЛЖ ХОЛБООТОЙ БАЙХ БОЛНО

Байлдагч М.ЭРДЭНЭХҮҮ:

-Би Сүхбаатар аймгийн Наран сумаас цэрэгт татагдсан. Айлын отгон хүү, хоёр эгчтэй. Цэрэгт ирсэн шалтгаан гэвэл олон эрчүүдтэй нөхөрлөж, үеийн залуусын дунд өөрийгөө бие бялдар, оюун ухаан гээд бүхий л зүйлээрээ ямар түвшинд байгаагаа мэдэхийг хүссэн. Тиймээс цэргийн албанд өөрийн хүсэлтээр татагдсан. Дунд сургуулиа төгссөн эхний жилд цэргийн зарлан дуудах хуудас ирэхэд нь тэр даруй “чавхдаад” яваад очсон, тэнцсэн. Гэтэл аав маань надад “Мал дээр эр хүн хэрэгтэй байна. Чи бид хоёроос өөр хүн байхгүй учир эндээ бай” гэж хэлсэн. Зөвлөгөөг нь ч дагасан. Харин дараа жил нь заавал явна гэж өөртөө амласан учир шууд цэрэг татлагын байранд очиж тэнцчихээд гэрийнхэндээ хэлсэн. Дарга нар намайг адуу, малтай ойр өссөн учир ангийн зусланд үүрэг гүйцэтгүүлэхээр сонгосон. Энд ирээд унага татаж, гүү барьж сурч байна даа. Манай нутагт гүү барьдаггүй. Цэргийн албанд ирээд хүнээс үг сонсож сурч, тэсвэр хатуужил сууж байна. Мөн зэвсэглэл, техник хариуцан, ашиглаж сурч байна гээд тоочоод байвал аливаа хүнийг жинхэнэ эр хүн болгодог олон чанарт суралцаж байна даа. Хэрвээ би цэрэгт яваагүй бол ийм олон найз нөхөдтэй болохгүй байсан. Нутагтаа эргэж очоод "онжавууд"- тайгаа үргэлж холбоотой байх болно. Бид ирээдүйд олон жил нөхөрлөнө.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108