• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2020-08-18 11:27:59
Үзсэн: 1701

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Нийтэлсэн: 2020-08-18 11:27:59 Үзсэн: 1701



     Инженерийн цэргийн үе үеийн төлөөлөл болсон эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдадаа инженерийн цэргийн өдрийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!

   Тэртээ 1928 онд Монгол Ардын Хувьсгалт цэргийн долоодугаар морьт дивизийн бүрэлдэхүүнд “Эвдэх ба сэлбэн засварлах сапёр”-ын салааг байгуулж байсан нь  орчин цагийн инженерийн цэргийн анхны шав тавигдсан бөгөөд хожим 1944 оны наймдугаар сард Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн Жанжны тушаалаар “Армийн сапёрын тусгай рот”-ыг, мөн 1981 онд Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар “Десант ус гатлалтын тусгай батальон”-ыг байгуулсан нь инженерийн цэргийг бүх талаар бэхжүүлэхээр төр, засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байсан юм.

Инженерийн цэрэг Чөлөөлөх дайн, баруун хязгаарын тулгаралт болон олон улсын хамтарсан хээрийн сургуулиудад байлдааны инженерийн хангалтын үүргүүдийг амжилттай биелүүлж байснаас гадна төр, засгаас өгсөн чухал үүргүүдийг биелүүлж, энх цагт бүтээн байгуулалтад оролцон бүтээлцэж ирсэн инженерийн цэргүүдийнхээ бахархам түүхэн уламжлалаа өнөөдөр ч бас амжилттай үргэлжлүүлж байгааг нь баярын энэ өдөр бахдан дурсахдаа таатай байна. Бид бүхний хамтдаа бүтээсэн амжилт бүхэн маань халуунд халж, хүйтэнд хөрж, зүтгэсэн ахмад үеийнхний маань үйл хэргийн залгамжлал, өнөөдөр эх орондоо тангараг өргөн эр цэргийн албанд мөр зэрэгцэн алба хааж байгаа байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, ирээдүй өөд итгэлтэй тэмүүлсэн инженерийн цэрэг хэмээх алдрын эздийн нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлийн үр бүтээл билээ.

   Орчин үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг үндэслэн Зэвсэгт хүчинд шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар инженерийн цэргийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээр УИХ-аас шийдвэр гаргасан нь үе үеийн инженерийн цэргүүдийн бүтээсэн алдар гавьяа, зүтгэл, сэтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Түүхт баярын энэ өдөр гавьяа зүтгэл, шударга ариун хөдөлмөрийнхөө үнэлгээ болсон одон медалиараа гоёж, сэтгэл зүрх нь догдлон байгаа ахмад дайчдадаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэн, урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

  Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхэнд инженерийн цэргийн өдрийн баярын дайчин цогтой мэндийг дахин өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                               Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!

   ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108