
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт алба хаах сонирхолтой залуусын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан тэдгээр залуусыг Зэвсэгт хүчин ч эгнээндээ дуртайяа нэгтгэн авч, цэргийн хэргийн эрдэм болон бусад мэргэжлээр сургасаар байгаа юм. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, дэд түрүүч Б.Баттөр, байлдагч Х.Өсөхбаяр, М.Мөнхбаяр нар бөгөөд эрхэм гэрээт цэргүүдийг энэ удаагийн дугаартаа онцолж байна.
Хамгийн сонирхолтой нь гэрээт цэргүүд маань Хилийн цэргийн 0146 дүгээр ангид хамтдаа алба хаасан бөгөөд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид эргээд дахин тааралдсан нь энэ гэнэ. Тэдэнд бас нэг адилхан тал байсан нь гурвуулаа цэргийн гэрээт албанаас улирч, офицер, ахлагч болох хүсэл мөрөөдөлтэй ажээ.
Дэд түрүүч Б.Баттөр Хилийн цэргийн 0146 дүгээр ангид 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн алба хаачхаад төд удалгүй буюу 2020 оны 5 дугаар сард Зэвсэгт хүчний 327 дугаар цэргийн албанд элсэх хүсэлтээ өгсөн байна. Тэрээр “Гэрээт цэрэг гэрэлтэй алба гэж ярьдаг шүү дээ. Энэ үнэн юм байна. Өнөөдөр гэрээт цэрэг яг л байнгын бүрэлдэхүүн шиг болсон. Ажлын найман цагаар ажилладаг. Цалингийн шатлалыг нь ч гэсэн БХЯ, ЗХЖШ-аас нэмэгдүүлж өгсөн шүү. Амралтын хоёр өдөр ч гэсэн амарна. Хамгийн гол нь дотоодын сургууль болон сургалт, дадлагуудад хамрагдах, ажиллагааны газар оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх боломжтой билээ. Нөхцөл, бололцоог ингэж сайн нэмэгдүүлж байгаа цэргийн дарга нартаа онжавуудынхаа нэрийн өмнөөс баярлалаа гэдгээ хэлье” гэв. Тэрээр эхнэр Ц.Тогос, хүү Б.Бат-Эрхэсийн хамт амьдардаг аж. Аав Л.Батбаяр нь түүнд цэргийн гэрээт албанд байхдаа өөрийгөө хөгжүүлэх боломжоо сайн ашиглаарай, дарга нарынхаа үгэнд сайн орж, заасан болгоныг сураарай гэж захидаг гэнэ. Дэд түрүүч маань цаашдаа офицер болох мөрөөдөлтэй гэсэн.
Дараагийн онцлох эрхэм бол байлдагч Х.Өсөхбаяр. Тэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумынх. Жүдо бөх, сагсан бөмбөгөөр хичээллэдэг спортлог залуу байна. Байлдагчийн ээж Б.Сарнайчимэг хэлэхдээ “Хүү маань маш их зөв сонголт хийсэн. Цэргийн алба нь бие, сэтгэлийн хувьд ч их өөрчилдөг юм байна. Одоо миний хүү маш их хариуцлагатай иргэн хүн болж байгаад ээж хүний хувьд баяртай байна. Цэргийн гэрээт алба нь өөрөө олон давуу боломж олгосон сайхан алба юм. Ажлын найман цагаар ажилладаг, ээлжийн амралт ч эдэлнэ. Оройдоо ажлаа тараад л гэртээ хүрээд ирнэ. Цэргийн алба хаасан хүүхэд их өөр шүү. Ярих хэлэх, биеэ авч явах нь хүртэл мэдэгдэм өөр. Мэдээж энэ улс оронд маань ид сайхан насандаа цэргийн алба хаасан, бие бялдрын цогц хөгжилтэй, сайн, муу бэрхшээлийг эр хүний тэвчээр хатуужлаар давж чаддаг, тэвчээртэй, тодорхой чиглэлээр мэргэжлийн бэлтгэлтэй, эрүүл саруул, эрч хүчтэй залуус маш их хэрэгтэй. Ингэж нийгмийн хөдөлмөрийн хүчийг сэлбэх учиртай. Өнөөдөр миний хүү тэгш цэгц алхаатай, булчин шөрмөс сайтай, биеийн хүчний ямар ч ажлыг хийж чадахуйц яралзсан залуу болж байна. Монголын залуучууд бүгд ийм болоосой гэж жирийн нэгэн эх хүний хувьд хүсч явдаг даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Харин байлдагч М.Мөнхбаяр нөгөө хоёроо бодвол харьцангуй ах ажээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат энэ залуу 2018 онд мөн л Хилийн цэргийн 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, жүдо, сагс, гар бөмбөг, теннис, хөл бөмбөгөөр хичээллэдэг байна. “Аварга” дээд сургуулийг жүдо бөхийн дасгалжуулагчаар мэргэжлээр төгсөж, Дорнод аймгийн “Ялалт” клубт дасгалжуулагчаар ажиллаж байсан гэнэ. Тэрээр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн удирдлага, хамт олноо үгийн сайнаар урлан магтаж, цэргийн гэрээт албанд элссэндээ ихэд баярлаж явдгаа ч хуучилна лээ. Аав, ээж хоёр нь цэргийн гэрээт албанд элсэх хүүгийнхээ шийдвэрийг сонсоод өөрөөс нь ч илүү баярлаж “Миний хүү чинь харин овоо эр хүн байна” хэмээн магтсанд нь ч урамшсан байна. Эрхэм цэргийн гэрээт алба хаагчдадаа амжилт хүсье!
Ахлах дэслэгч Д.Болормаа