• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭД ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧЭЭ
Нийтэлсэн: 2020-08-16 19:09:11
Үзсэн: 83

ТЭД ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧЭЭ
Нийтэлсэн: 2020-08-16 19:09:11 Үзсэн: 83



Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын салшгүй нэг хэсэг нь зэвсэглэл, техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хадгалалт, арчлан хамгаалалт юм. Тиймээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд үүрэг гүйцэтгэх бэлэн байдлаа хангахын тулд өдөр тутамд өөрсдийн зэвсэглэл, техниктээ үзлэг, засвар, үйлчилгээ хийж, байнгын анхаарал хандуулдаг. Гэхдээ удаан хугацаанд хадгалагдаж байгаа техникүүддээ гар хүрч, үүрэг гүйцэтгэх боломжийг нь дээшлүүлэх талд анхаарч байгаа анги, нэгтгэл тийм ч олон биш. Аливаа техник хэрэгслийг засаж, сайжруулна гэдэг нь ардаа чамгүй их төсөв, хөрөнгө шаардсан ажил байдаг болохоор ангиуд тэр бүр энэ ажил руу ороод байдаггүй. Тэгээд ч энэ талын ажлыг зохион байгуулах хангалттай санхүүжилт нь Зэвсэгт хүчний төсөвт суудаггүй гэдгийг уншигч та сайн мэднэ биз ээ.

“Түнэр харанхуйг зүхэж суухаар ядаж ганц ч гэсэн лаа асаа” хэмээх зүйр үг бий. Үүнтэй агаар нэг "Боломжгүй гэж шалтаг тоочилгүй"-гээр техникүүдийнхээ бэлэн байдлыг дээшлүүлж, засвар үйлчилгээ хийж байгаа хамт олон байна. Тэд бол Зэвсэгт хүчний 327 дугаар анги юм. Тус ангийн удирдлагаас “Нэг сар-нэг техник” аяныг зохион байгуулж, удаан хугацаанд хадгалагдаж байгаа техникүүдээсээ 30 гаруй авто машиныг сэргээн засах болзолт уралдааныг бие бүрэлдэхүүнийхээ дунд зарласан юм. Энэхүү аяны хүрээнд засагдаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон авто машинуудыг үзэж үнэлгээ, дүгнэлт өгөхөөр ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх, хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхбаатар, Зэвсэгт хүчний авто техникийн хяналтын албаны дарга, цагдаагийн хурандаа Л.Баярцогт, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа Ж.Банзрагч нарын комисс тус ангид ажиллалаа.

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бүх алба, нэгж, тасгууд “Нэг сар-нэг техник” аянд хамрагдсан бөгөөд тэд өөрсдийн засаж, үйлчилгээ хийсэн авто техникүүдийн бэлэн байдлыг шалгуулахаар комиссыг очиход эгнэн жагссан байлаа. Үнэхээр гаднаас нь харахад яг л шинэ юм шиг харагдаж байсан тэдгээр авто машинуудад аккумулятор холбоход л хөдөлгүүр нь шууд асаж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болохоо харуулсан юм. Энэ үеэр хурандаа Ц.Төрмөнх “Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний ангиуд тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг ихээр хийх болсон. Мэдээж бие бүрэлдэхүүний ая тухтай орчинд ажиллаж, үүргээ гүйцэтгэхэд энэ талын ажил чухал ч гэлээ, Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхаарч ангидаа ийм өргөн хүрээг хамарсан ажил хийсэн анги одоогоор Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас өөр алга гэж хэлж болно. Гар, сэтгэл нийлбэл юу хийж болдгийг тус ангийн залуус харууллаа. Авто машин бүрийг ингэж шинэ мэт болтол нь засаж, үйлчилгээ хийнэ гэдэг бол маш их ажил. Хийсэн ажлаараа Зэвсэгт хүчний ангиуддаа үлгэр дуурайлал болсон та бүхэнд амжилт хүсье. Цаашдаа бусад ангиуд ч энэхүү өндөр ач холбогдолтой ажлыг олноор нь зохион байгуулаасай гэж уриалж байна” гэсэн юм. Харин Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Т.Тогмиддүүмий “Ангийн удирдлагаас анх уг ажлыг санаачилж байхдаа ийм өргөн хүрээг хамарсан том ажил болно гэж төсөөлөөгүй. Бие бүрэлдэхүүн маань оногдсон техникээ сэргээн сайжруулахын тулд маш их сэтгэл гаргаж ажилласан. Энэ бол дан ганц манай ангийн бэлэн байдалтай холбоотой асуудал биш цаашлаад Зэвсэгт хүчний техникийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд ийм гарц, шийдэл байж болох юм гэсэн санааг бусад ангийн бие бүрэлдэхүүнд өгч байгаа юм” гэв.

Ингээд удаан хугацаанд хадгалагдаж байгаа авто техникүүдэд засвар хийсэн зарим албан тушаалтны сэтгэгдлээс хүргэе.

ЗАСВАРЛАСАН АВТО МАШИНАА ХАРАХААР УРАМ ОРЖ БАЙНА

Соёл хүмүүжлийн албаны дарга, ахмад Д.Ганбаатар:

-Би 2012 онд ҮБХИС-ийг Соёл хүмүүжлийн офицер мэргэжлээр төгсөөд тус ангид салааны захирагч, ротын ажиллагааны офицер, мотобуудлагын батальоны ажиллагааны офицероор ажиллаж байгаад энэ оны эхнээс соёл хүмүүжлийн албаны даргын албан тушаалд томилогдоод ажиллаж байна. Эхнэр маань аймгийн Хаан банкны салбарт хүний нөөцийн албанд ажилладаг. Зэвсэгт хүчин, цэрэг, армийн баялаг түүхтэй Дорнод аймгаас ажлын гараагаа эхэлсэндээ баяртай байгаа. Ер нь манай анги Зэвсэгт хүчиндээ шинэ, шинэ ажлуудыг санаачлан өрнүүлж чаддаг. Учир нь бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг залуу боловсон хүчин эзэлдэг болохоор бид үргэлж шинийг санаачлахыг зорьдог.

“Нэг сар-нэг техник” аяны хүрээнд манай хорооны удирдлагууд маш зоригтойгоор өргөн далайцтай ажлыг эхлүүлж чадлаа. Бусад Зэвсэгт хүчний ангиудад ингэж олноор нь техникээ сэргээн засварласан удаа байхгүй гэж бодож байна. Зориглоод хийвэл ямар ч ажлын ард гарч болдгийг манай ангийн удирдлага, хамт олон харууллаа. Бусад ангиуд ч үүнээс санаа аваад цаашид энэ мэт ажлыг хэрэгжүүлээсэй. Үүрэг гүйцэтгэх бэлэн байдалд хамгийн чухал үүрэгтэй нь техник, хэрэгсэл гэдгийг бүгд мэддэг ч ийм ажил төдийлөн хийгдээд байдаггүй. Ангийнхан ч үүнийг бүгд ухамсарлаж, сэтгэлээ шингээн ажилласан нь эндээс харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Тус ангийн соёл хүмүүжлийн албаны хувьд бүрэлдэхүүнийхээ дунд хурал зарлаж, тодорхой эд ангиудын жагсаалтыг гарган төсвийг бүрдүүлснээр засварын ажлаа эхлүүлсэн. Авто машинуудын кузов болон явах эд ангиуд нь зэвд идэгдсэн. Мөн нэг машины мотор нь ажиллагаагүй байсан тул бид шинээр боож, засварласан. Эрэг боолтууд нь он удаан жилийн хадгалалтын улмаас чангарахаа больсны дээр урд чагтан гол нь эвдэрсэн байсныг нь шинээр сольж тавьсан гээд хийсэн ажил их. Ямар ч байсан одоо зассан авто машинаа харахаар урам ороод манай бүрэлдэхүүн ч сэтгэл өндөр байгаа.

ЗАЛУУС МААНЬ АЛИВАА АЖЛЫГ ХУРДАН, ШУУРХАЙ ГҮЙЦЭТГЭДЭГ

Холбооны зангилгааны дарга, хошууч Ц.Номинзул:

-Би 20 дахь жилдээ Зэвсэгт хүчинд алба хааж байна. БХИС-ийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр төгсөөд 2004-2008 онд тус ангид мөн 2008-2012 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажилласан. Улмаар 2012 оноос тус ангидаа эргэн томилогдоод ажиллаж байна. Энэ хугацаанд холбоо салааны захирагч, холбооны инженер, мэдээллийн аюулгүй байдлын офицер, хүний нөөцийн офицер зэрэг албан тушаалыг хашиж байсан.

Урд өмнө нь төдийлөн анги, байгууллагуудад явагдаж байгаагүй аяныг манай хамт олон эхлүүллээ. Цаашид бусад салбарын техник хэрэгслийг сэргээн засварлавал үр дүнтэй юм байна гэж бодсон. Миний хувьд холбооныхоо техник хэрэгслийг л мэднэ үү гэхээс авто машины, тэр тусмаа ОХУ-д үйлдвэрлэсэн авто техникийн талаар ойлголт тааруу байсан. Гэтэл “Нэг сар-нэг техник” аянд оролцоод авто машины талаар нэлээд мэдлэг, дадлагатай болоод авлаа. Тиймээс дараагийн удаа өөр салбарын техник, хэрэгслийг сэргээн засварлах аваас бусад бүрэлдэхүүн ч миний нэгэн адил бусад техникийн талаарх мэдлэг, дадлагатай болно.

Манай албаны хувьд авто машинуудаа хүлээж аваад бүх эвдрэл, гэмтэл, шаардлагатай эд ангиудын жагсаалтыг гаргаж, гурван техникээ засах бүлгүүдийг томилсон. Анх явах эд анги нь бүтэн зэвэрсэн, өнгө зүсээ алдсан, бүх дугуй нь хагарсан байдалтай байсан. Бид шаардлагатай бүх эд ангиудыг худалдаж авсан. Мөн салонд доторлогоо хийж, анхааруулах таних тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл цацруулагч зэргийг шинээр суурилууллаа. Мэдээж бүх авто машинуудыг бүрэн будганд оруулсан.

Ер нь тус ангийн бие бүрэлдэхүүн нь залуучуудаас бүрддэг учир гар, сэтгэл нийлэн ажиллахад амар байдаг. Тиймээс ямар ч ажил даалгасан залуус маань хурдан шуурхай гүйцэтгэж чаддаг. Ангийн удирдлагаас бүрэлдэхүүнийг үндсэн үүргээ мадаггүй гүйцэтгэхийг шаардахаас гадна бусад ажлын чиглэлээр олон зүйлийг санаачлан өрнүүлж, ангийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, өнгө үзэмжийг сайжруулах талд онцгой анхаарч ажилладаг гэдгийг энд онцлон хэлье.

БҮХ ЭД АНГИУДЫГ ШИНЭЭР ХУДАЛДАЖ АВСАН

Артиллерийн дивизионы зэвсэглэл, техник хариуцсан офицер, дэслэгч Ж.Саруул:

-Би 2011-2015 онд ҮБХИС-д суралцаж авто инженер мэргэжлээр төгссөн. Тиймдээ ч тус аян миний үндсэн мэргэжлийн онцлогийг сэргээсэн, мэдлэг, дадлага нэмсэн сайхан ажил боллоо. Цаг үеэ олсон үр дүнтэй ажлыг санаачилж зохион байгуулсан ангийнхаа удирдлагад талархсанаа илэрхийлье.

Тус дивизионоос олон тооны офицер, ахлагч нар хамрагдаж нэг сарын хугацаанд дөрвөн нэгж техникт сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн. Тодруулбал, 1997 оноос хойш хөдлөөгүй удаан хугацааны хадгалалтад байсан техникүүдийг сэргээн засварлалаа. Цаашдаа энэ ажлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулбал ангийн бэлэн байдал тэр чинээгээрээ дээшилнэ гэж бодож байна. Энэ ажлын хүрээнд явах эд анги, хагарсан дугуй, хөдөлгүүрийн редуктор зэргийг шинээр сольж тавьсан. Удаан хугацааны хадгалалтаас гарахдаа бүх жийрэг резинүүд нь хагарч муудсан, сэтэрсэн, тос масло нь холилдсон байсан. Тиймээс шинэ эд ангиудыг бүгдийг нь зах зээлээс худалдаж авсан. Манай засварын бүлэг дөрвөн нэгж техник дээрээ ажиллаж байхад үлдсэн бүрэлдэхүүн ажлын бус цагаар гэрээт ажил гүйцэтгэж түүнээс олсон орлогыг засварын ажилдаа зориулсан нь үр дүнгээ өгсөн.

БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТЕХНИКИЙН МЭДЛЭГ ДЭЭШИЛЛЭЭ

Танкийн ротын ахлагч, сургагч ахлагч Н.Батзориг:

-Би 1999 онд Ахлагчийн сургуулийг төгсөөд тус ангид томилогдсон бөгөөд өдгөө 21 дэх жилдээ Зэвсэгт хүчинд ажиллаж байна. Манайх ам бүл дөрөв. Эхнэр маань тус ангид угаагч-индүүдэгчийн албан тушаалд ажилладаг бол том охин маань ОХУ-д барилгын инженер мэргэжлээр суралцаж байгаа. Харин хүү энэ жил дунд сургуулиа төгсөнө. Намайг танкийн механик жолооч, сургагчаар ажлын гараагаа эхэлж байсан тэр үед анги маань байгуулагдаад удаагүй байлаа. Ер нь тухайн ангийн ажил, үйлс өөдөө байх нь удирдлагаас шууд хамааралтай гэж боддог. Тиймээс ангийн үе үеийн удирдлагууд маш чадварлаг, сайн удирдагч нар байсан, одоо ч байна. Миний хувьд байнга танктай “ноцолдож” явсан болохоос авто машинтай ингэж ойр ажиллаж байсангүй. Энэ аянд оролцож, авто машины талаар нэлээд мэдлэгтэй ч болоод амжлаа. Одоо авто машины зарим эвдрэл, гэмтлийг өөрөө засварлах дөртэй болсон. Энэ бол дан ганц ангийн бэлэн байдал дээшлээд зогсохгүй бие бүрэлдэхүүнийг авто техникийн мэдлэгтэй болгосон чухал ажил боллоо гэж дүгнэж байна.

Бид гурван авто техникийг хүлээж авсан. "Ангар"-ын захад хадгалагдаж байсан авто машинууд учир зэврэлт ихтэй байсан. Үүний сацуу статерууд нь бүгд эвдэрч, ашиглагдахаа больсон, радиаторууд нь сэтэрч, ус хийхээр гоождог, бүх дугуйнууд нь хагарч, нөөц дугуйнууд нь үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байсан. Энэ бүгдийг албаныхаа сэтгэл, зорилго нийлсэн бүрэлдэхүүнийхээ хүчээр шинээр сэлбэн засаж, Улаанбаатар хотоос шаардлагатай эд ангиудыг захиалан авчруулснаар амжилтад хүрлээ.

ЭНЭ АНГИГҮЙГЭЭР ӨӨРИЙГӨӨ ТӨСӨӨЛӨХИЙН АРГАГҮЙ 

Радио станцын дарга, ахлах ахлагч Э.Мөнхсоёл:

-Би Зэвсэгт хүчинд 16 дахь жилдээ алба хааж байна. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд удахгүй гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж байна. Анх 2004 онд тус ангид хугацаат цэргийн албанд татагдан ирж, улмаар гэрээт цэргийн албанд элсэж, гурван жил гаруй ажиллаад 2008 онд ахлагч болсон. Анх тус ангид радио телеграфчнаар томилогдон ажлын гараагаа эхлүүлснээс хойших хугацаанд ахлах радиотелеграфчин, радио станцын дарга зэрэг албан тушаалд дэвшин ажиллаж байна. Миний хувьд мотобуудлагын тусгай хороонд ажиллаж, амьдарч байгаадаа үргэлж баяртай явдаг. Анх 19 настай тус ангийн босгоор алхаж байснаас өнөөдрийг хүртэл амьдралын минь бүхий л сайн сайхан дурсамжууд гагцхүү энэ л ангитай холбогджээ. Өөрөөр хэлбэл энэ ангигүйгээр өөрийгөө төсөөлөхийн аргагүй болсон гэсэн үг. “Нэг сар-нэг техник” аяны хүрээнд манай ангийн залуус өмнөө нэг зорилго тавьж, түүнийхээ ард амжилттай гарлаа. Гар, сэтгэл нийлбэл хүмүүс ямар ч ажлыг хийж болдог гэдгийг харуулсан байх гэж бодож байна. Би ч өөрийнхөө техниктэй сайн “ноцолдоод” авлаа. Бараг л авто машинтайгаа ярилцах нь холгүй л өдрийг хамт өнгөрүүллээ. Цаашдаа энэхүү ажлыг анги бүр дотооддоо зохион байгуулаасай.

Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ М.МӨНХЗОРИГ

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108