• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Байлдагч Г.Цэндгомбо: 18 НАС ХҮРЭХИЙГ Л ИХ ХҮЛЭЭСЭН. УЧИР НЬ ЦЭРЭГТ ЯВАХ ГЭЖ
Нийтэлсэн: 2020-08-06 14:01:04
Үзсэн: 258

Байлдагч Г.Цэндгомбо: 18 НАС ХҮРЭХИЙГ Л ИХ ХҮЛЭЭСЭН. УЧИР НЬ ЦЭРЭГТ ЯВАХ ГЭЖ
Нийтэлсэн: 2020-08-06 14:01:04 Үзсэн: 258



  Эх оронч хүний хамгийн түрүүнд хийх алхам нь хугацаат цэргийн албаа хаах гэдэг. Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа залуусын төлөөлөл болгон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Г.Цэндгомбыг онцолж байна.

Байлдагч Г.Цэндгомбо оо, алба өндөр үү?

-Өндөр, өндөр. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцээд албаа маш сайн хааж байна.

Нутаг хаана вэ?

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумынх. Нутагтаа аав, ээжийнхээ хамт амьдарч байсан. Яг одоо бол алдар цуутай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн цэргийн хуарандаа эгнэн жагсаад л явж байна.

Цэрэгт ирээд ямар байна вэ?

-Маш сайхан. Багаасаа л хугацаат цэргийн албанд явна гэж боддог байсан. Тэр ч утгаараа 18 нас хүрэхийг маш их хүлээсэн. Цэрэгт явах гэж. 18 нас хүрлээ, цэргийн зарлан ирлээ, хамгийн түрүүнд очиж бүртгүүлээд ирсэн дээ. Аав, ээж маань  “Сайн байна. Эр хүн мөн дөө. Албаа сайн хаагаад ирээрэй. Олонтой яваарай, хүмүүстэй эвтэй байгаарай” гэж хэлсэн. Манай ангийн офицер, ахлагч нар яг л манай гэрийнхэн шиг өөриймсөг, элгэмсүү ханддаг. Цэрэгт ирээд бие сэтгэлийн хувьд ч асар их өөрчлөгдөж, төлөвшдөг юм байна.

Өдрийн арга хэмжээний хамгийн дуртай хэсэг нь юу вэ?

-Оройн зугаалга. Жагсаалын дуугаа дуулаад л алхах нь хамгийн гоё. Онжавуудтайгаа нэг дууг, нэг өнгөөр дуулж, хөл нийлүүлэн алхахдаа өөрөөрөө болон нөхдөөрөө омогшиж, бахархдаг даа. Яг л барианд түрүү морьд орж ирж байгаа юм шиг догдолж омогшдог.

Цэрэгт ирээгүй байсан бол энэ сайхан мэдрэмжүүдийг мэдэхгүй өнгөрөх байж...

-Тийм ээ. Манай ангийн штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр “Хамгийн гоё цол байлдагч. Байлдагч гэдэг цол тухайн хүнийг үүрэг, хариуцлага өндөртэй, эх орондоо хайртай, ухамсартай гэдгийг илтгэдэг юм” гэсэн нь маш их таалагдсан. Цэргийн алба гэдэг эх оронч үзэл, ёс суртахуун, сахилга бат, ухаарал өгдөг газар юм байна гэдгийг өөрөөрөө мэдэрч байна. Эр цэргийн албаа хааж амжаагүй, өөрийгөө гүйцэд таниагүй үе тэнгийнхэн болон дүү нартаа хугацаат цэргийн албаа хаагаарай, амьдралын зөв дадалд суралцаарай гэж уриалмаар байна.

Дэслэгч  Г.Гантуяа (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108