Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын номын сангийн баяжилтад туслах зорилгоор хошууч генерал Р.Сүхбат өөрийн уншиж судалсан 300 гаруй бүтээлийг хандивлалаа. Үүнд дэлхийн түүх, Монголын түүх, цэргийн түүх, хуулиудын эмхтгэл,танин мэдэхүй, төрөл мэргэжлүүдийн гарын авлага, дурдатгал дурсамж, онол, практикийн бага хурлын эмхтгэл, уран зохиолын номоос эхлээд сүүлийн үеийн бестселлер бүтээлүүд ч багтсан байна. Тус командлалын номын санч Б.Урангоо “Сүүлийн үед номын баяжилт ихээр хийгдэж байна. Судалгааны бүтээл, цэргийн мэргэжлийн номуудаас эхлээд алба хаагчдад уншиж судлахад нэн шаардлагатай бүтээлүүдээр баяжигдаж чадсан. Номуудаа төрөлжүүлэн ангилан, уншигчдад хүссэн номоо захиалан унших боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн байгаа. Уншигчийн танхимтай. Одоогоор 3000 гаруй бүтээл бий” гэсэн юм.
Дашрамд дурдахад, командлалын бүрэлдэхүүний дунд “Номтой нөхөрлөе” аяныг өрнүүлж байгаа бөгөөд ном солилцож унших, хамт олондоо уншсан бүтээлээ ярьж өгөх зэргээр номын ач тусыг нэгэндээ сурталчилж байна. 2020 оны эхний хагас жилийн тэргүүний уншигчдаар тус командлалын Хангалт үйлчилгээний тасгийн нярав, ахлагч Ц.Анхзолбоо, Удирдлагын байрын ротын жолооч, ахлагч Д.Баярмагнай нар тодорсон юм.