• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2020-07-21 12:13:08
Үзсэн: 2071

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Нийтэлсэн: 2020-07-21 12:13:08 Үзсэн: 2071



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар өнөөдөр командлалын бие бүрэлдэхүүнд цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр хурлын эхэнд Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярын баримталж буй бодлого, чиглэлийн талаар танилцуулж, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд явагдаж байгаа ажил арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. Үргэлжлүүлээд хээрийн сургуулиудын бэлтгэл ажил, өвлийн бэлтгэл, цэрэг халалт, таталт, штабын бэлтгэлжилт, Зэвсэгт хүчний зарим ангиудын объектуудын их засвар, шинэчлэл, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтсан бүтээлч ажил, намрын ургац хураалт, гамшиг ослын үед орон нутагт Зэвсэгт хүчнээс үзүүлэх дэмжлэг, цэргийн албаны сахилга, хариуцлага, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, шилжилт хөдөлгөөн, төмөр замын бүтээн байгуулалтын явц зэрэг цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгч, хариуцсан хэлтэс, тасаг болон төрөл мэргэжлийн дарга нарт анхаарч ажиллахыг даалгасан юм. Тухайлбал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахимаар явуулахаар ОХУ-ын талтай ярилцаж байгаа, удахгүй явагдах хээрийн сургуульд цэргийн алба хаагч бүрийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар дурдаад сүүлийн үед үер усны гамшиг осол багагүй тохиолдож, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд тухайн орон нутагт гамшиг, ослын нөхцөлийг нь бууруулахад хэрхэн дэмжлэг үзүүлж ажилласан талаар тайлан мэдээг бэлтгэхийг холбогдох албан тушаалтанд даалгав. Мөн тэрээр цар тахлын нөхцөл байдал буурахгүй, дэлхийн орнууд авах арга хэмжээгээ чангатгаж буйтай уялдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа заавар, зөвлөмжийг бие бүрэлдэхүүн сайтар мөрдөж ажиллах зэрэг олон чиглэлээр үүрэг өгсөн юм. Төгсгөлд нь тус командлалын Бялдаржуулах танхимын дасгалжуулагч багш М.Баасанцэнд Үндэсний их баяр наадмаар Төв аймагт урамтай сайхан барилдаж, аймгийн начин цол хүртсэнд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107