Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн зөвлөлийн 2020 оны ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, нэг асуудлыг танилцуулсан юм. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч нарын 2019 оны ажлын үр дүнг үнэлж, дүгнэсэн тухай тус командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Анухатан танилцуулж, хэлэлцүүлэв. Хоёрдугаарт, Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангиудын офицеруудад албан тушаалын зэрэглэлийн цол олгох тухай тус командлалын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хуралдааны шийдвэрээр албан тушаалтанд тавигдах шаардлага, ажлын үзүүлэлт, цолны хугацаа болсон эсэх зэргийг нь үндэслэн Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн бэлэн байдлын офицер, хошууч Т.Уламбаяр, тус хэлтсийн төлөвлөлтийн офицер, хошууч Л.Тамираа нарын офицеруудад дэд хурандаа, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Ажиллагааны удирдлагын тасгийн ажиллагааны ахлах офицер, ахмад Н.Гүррагчаа, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн албаны дарга, ахмад Ц.Мөнхбаяр нарын офицеруудад хошууч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ротын захирагч, ахлах дэслэгч Г.Дашням, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн Сургалт, соёл, хүмүүжлийн албаны дарга, ахлах дэслэгч Б.Дорж нарын офицеруудад ахмад, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн биеийн тамирын офицер, дэслэгч Э.Ууган-Эрдэнэ нарын офицеруудад албан тушаалын зэрэглэлийн ахлах дэслэгч цол олгохоор шийдвэрлэсэн юм.
Хуралдааны төгсгөлд Хуурай замын цэргийн командлалын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн тайланг хэлэлцүүлж, бие бүрэлдэхүүний 2020 оны хоёрдугаар улирлын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний талаар Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа С.Жаргалсайхан танилцуулсан бөгөөд тус тайлан мэдээг ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Хуралдаанд зөвлөлийн дарга, гишүүд оролцож, нарийн бичгийн даргаар Захиргааны удирдлагын хэлтсийн нууцын офицер, ахмад Б.Лхагваа ажилласан юм.
Энэхүү хуралдааны дараа Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар Хуурай замын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн бэлэн байдлын офицер, хошууч Т.Уламбаяр, тус хэлтсийн төлөвлөлтийн офицер, хошууч Л.Тамираа нарт албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цол олгогдсоныг Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нар гардуулан өгч, баяр хүргэсэн юм. Бригадын генерал Б.Амгаланбаатар "Цол ахиж байна гэдэг үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байна гэсэн үг. Хариуцсан албандаа идэвх санаачилгатай, зүтгэлтэй ажиллаарай" гээд амжилт хүслээ.


