• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Бригадын генерал Б.Амгаланбаатар: ЦЭРГИЙН ХҮНИЙ ГОЛ ЗАРЧИМ САХИЛГА, ХАРИУЦЛАГА ЮМ
Нийтэлсэн: 2020-06-26 18:44:09
Үзсэн: 2425

Бригадын генерал Б.Амгаланбаатар: ЦЭРГИЙН ХҮНИЙ ГОЛ ЗАРЧИМ САХИЛГА, ХАРИУЦЛАГА ЮМ
Нийтэлсэн: 2020-06-26 18:44:09 Үзсэн: 2425



  Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Командлалын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн талаарх тайланг Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатар тавьсан юм. Тайланд дурдсанаар 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хийж хэрэгжүүлэх 97 ажил, арга хэмжээ тусгаснаас эхний хагас жилд тал орчмыг нь гүйцэтгэсэн байна. Зарим хэсэг нь дэлхий нийтээр тархсан короновирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшлуулаад байгаа талаар ч ярилаа. Мөн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилт, хууль, эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэл, өөрчлөлт, цэргийн сургалт, бэлтгэл, уралдаан тэмцээн, алба хаагчдын шилжилт хөдөлгөөн, хүний нөөц, нууц хадгалалт, хамгаалалт, сэтгэл зүйн хангалт, ар тал, хангалт, санхүү төсөв, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, сахилга хариуцлагыг сайжруулахад хийсэн ажил, хяналт шалгалт, тохижилт үйлчилгээ, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтэд сурталчилсан байдал зэрэг бүх төрлөөр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Хурлын төгсгөлд Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “2020 оны эхний хагас жилд Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангиуд маань сайн ажиллалаа. Хэдийгээр короновирус цар тахлаас шалтгаалж, зарим томоохон ажил, арга хэмжээ хойшилсон ч ерөнхий дүнгээр нь харвал чамгүй амжилттай ажилласан байна. Цаашдаа командлалын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тодотгол хийж, бүрэн хэрэгжих боломжтой ажлуудаа жагсааж бич. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж бич. Хоёрдугаарт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэдэг томоохон зорилттой уялдуулан мэргэжлийн цэргүүдийнхээ сургалт, бэлтгэлд хариуцсан хэлтэс, албан тушаалтнууд онцгой анхаарах ёстой. Гуравдугаарт, наадмын дараа намар гэдэг. Өвлийн бэлтгэл ажлыг нэгтгэл, ангиудад хангуулж эхэл. Удахгүй ОХУ-ын цэргийн сургуулиудыг төгсөж ирэх сонсогчдыг нэгтгэл, ангиудад хуваарилах ажлыг зохион байгуул. ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг “Цэргийн наадам” энэ жил явагдах төлөвтэй байгаа учир оролцох бүрэлдэхүүн, алба хаагчдынхаа бэлтгэлийг сайтар хангуул. Эцэст нь бидний хамгийн гол зарчим бол сахилга, хариуцлага, дэг журам гэдгийг маш сайн ухамсарлах ёстой. Дэг журамтай газарт ажил урагшилж, дэг журамгүй газарт алдаа, зөрчил их гардаг бичигдээгүй хууль бий. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг урагшаа нэг алхахдаа ч гэсэн баримтлах ёстой” гээд командлалын бие бүрэлдэхүүнд ажил, албандаа хариуцлагатай хандаж ажиллахыг үүрэг болгосон юм.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107