Энэ сарын 12-ны өдөр Монгол Улсад Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаныхаа түүхт 50 жилийн ойг ДБЭЧ-ын байранд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ёслолын ажиллагаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын генерал, офицерууд, ОБЕГ, ИНЕГ зэрэг хамтран ажилладаг байгууллагын төлөөлөгчид, одоогийн бүрэлдэхүүн, үе, үеийн ахмадууд оролцсон бөгөөд хамгийн ахмад нь тус цэргийн анхны командлагч, чөлөөнд буй хурандаа А.Шуувай юм. АДХЦ-ийн командлагч, хурандаа Г.Батхүрэл 50 жилийн түүхийг товчоолсон илтгэл тавьсны дараа БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ИНЕГ зэрэг байгууллагын шагналаар ажил албандаа өндөр амжилт гаргасан олон офицер, ахлагч нарыг шагнасан.
Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн хүндэт тэмдэг”-ээр бэлтгэл хошууч генерал Ч.Улаанхүү, “Нийслэлийн тэргүүний ажилтан”-аар бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр бэлтгэл хурандаа С.Чулуунхүү нар болон дүүргүүдийн шагналаар олон арван офицер, ахлагч, ажилтан, ажилчдыг шагнасан. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, ЕЗЦК-ын мэндчилгээг уншиж гардуулсан юм.


