Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын цэргийн командлагч генерал К.Вилсбагын санаачилгаар бүс нутгийн 22 улсын Агаарын цэргийн командлагч нар цахимаар хуралдлаа. Тус хурал нь энэ онд цахим хэлбэрээр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн цахим хурал нь “Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх арга зам” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, хуралд оролцсон Агаарын цэргийн командлагч нар бүс нутгийн аюулгүй байдлын хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлэх, дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцож, зөвлөлдөв.
Мөн хуралд оролцогч орнуудын Агаарын цэргийн командлагч нар “Ковид-19” вирусийн тархалт нь агаарын цэргийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйг, үүнийг хэрхэн шийдвэрлэн, үйл ажиллагаагаа явуулж байгаа талаарх өөрийн орны туршлагыг хуваалцсан үр дүнтэй хурал болсон юм.
Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын дараагийн чуулга уулзалтыг 2021 оны 9 дүгээр сард АНУ-ын Хавай мужид зохион байгуулахаар товлосныг генерал К.Вилсбаг зарлаад, Агаарын цэргийн командлагч нарыг хүрэлцэн ирэхийг урив.