• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ БОЛОН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 353, 337 ДУГААР АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-11-04 15:24:29
Үзсэн: 179

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ БОЛОН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 353, 337 ДУГААР АНГИУДАД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-11-04 15:24:29 Үзсэн: 179



      Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд ажиллалаа. Батлан хамгаалахын сайдын хамт Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан болон сайдын зөвлөх Д.Эрдэнэбат нарын албаныхан ажилласан юм.

      Батлан хамгаалахын сайдад Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр Агаарын цэргийн командлалын үүрэг гүйцэтгэл, зэвсэглэл техникийн бэлэн байдал, цаашид хийхээр төлөвлөсөн ажил, зорилго, зорилт, өнөөгийн болон хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцсон юм.

      Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Улсын Их Хурлаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдаад хэрэгжилтийг зохион байгуулах ажил явагдаж байна. Үүнтэй холбогдуулан Агаарын цэргийн командлал, түүний харьяа Агаарын хяналтын болон нисэхийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлуудаа тодорхойлж байгаа. Түүн дотроо Агаарын цэргийн командлалын тулгамдсан асуудлуудыг тодорхойлох зорилгоор ажиллалаа. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал нь Монгол Улсын агаарын хилийн орон зайг харж, хяналт тавих, шаардлагатай үед хамгаалах үүрэгтэй. Хамгийн гол нь зэвсэглэл, техникийн асуудал. Одоогийн зэвсэг, техникүүд нь 40 жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглагдсан. Тиймээс үүнийг шинэчлэх, сэргээн сайжруулах хэрэгцээ шаардлага бий. Өнөөдөр Агаарын цэргийн командлал нөөц бололцоог ашиглан агаарын хяналтаа бүрэн хэмжээгээр тавьж байгаа. Сая танилцуулга сонсоход, нягтралын хувьд 3000-аас дээш 10000 метр хүртэлх агаарын орон зайд нислэг үйлдэж байгаа бүх биет, нисдэг хэрэгслүүдийг харж, хяналт тавьдаг гэж байна. Ерөнхийдөө боломж, хүчин чадал тааруухан байгаа. Техник, хэрэгслүүдээ шинэчлэхэд төрөөс зайлшгүй анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Агаарын цэргийн боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудын ур чадварын асуудлыг ярих нь зөв байх. Энэ чиглэлээр манай улс ОХУ-тай нягт, ойр хамтран ажилладаг. Мэргэжлийн боловсон хүчнүүд ОХУ-д суралцаж, бэлтгэгдээд явж байна. Олон төрлийн нисэх хэрэгслүүд бий. Үүрэг зориулалтаараа өөр өөр онцлогтой. Эдгээрийг инженер техникийн ажилтнууд эзэмшээд, зориулалтаар нь ашиглаад явж байна. Цаашид зэвсэг, техникийн шинэчлэлийг хийх, сайжруулах, бусад улс орноос цэргийн зориулалттай нисэх хэрэгслүүдийг авах, энэ чиглэлээр ОХУ-тай гэрээ хэлцэл хийх шаардлага бий. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд 2-3 радиолокацийн станцыг шинээр худалдаж авах, засвар үйлчилгээг хийлгэх хэмжээний санхүү төсөв хөрөнгийг төрөөс шийдээд явж байгаа. Энэ бол төрөөс анхаарч байгаа нэг хэлбэр. Урт хугацааны түвшинд, 10-15 жилийн хугацаанд Агаарын хяналтын радиолокацийн станцууд шинэчлэгдэх байх гэж бодож байна” гэлээ.

     Түүнчлэн Агаарын цэргийн инженер, техникийн ажилтнууд зэвсэглэл, техникийнхээ хүчин чадлыг сайжруулахад идэвх, санаачилга гарган ажиллаж, шинийг сэдэж байгааг онцоллоо.

     Тухайлбал, 1980, 1990-ээд оны эхээр үйлдвэрлэгдсэн агаарын хяналтын радиолокацийн станц техник хэрэгслүүдийг шинэчлэх, аналоги системээс дижитал болон тоон системд шилжүүлэх ажлыг өөрсдөө хийх хэмжээний мэдлэг чадвартай боловсон хүчнүүд байгааг тодотгосон бөгөөд энэхүү шинэчлэлийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

     Үүний дараа Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Тэрээр уулзалтын эхэнд өөрийн баримталж буй бодлого, тавьсан зорилт, Батлан хамгаалах салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.

     Үргэлжлүүлэн “Монгол Улсын хэмжээнд Агаарын цэргийн командлал байгуулагдаад шинэ орчин нөхцөлд төлөвшиж байна. Агаарын цэргийн командлал өөрийн гэсэн өнгө төрхтэй, аливаа асуудлууд нь эрх зүйн харилцаагаар зохицуулагдлаа. Эрх зүйн баримт, бичгүүдийн шинэчлэлийн ажил олноор хийгдсэн. Үндсэн суурийн ажил буюу цэргээ хөгжүүлэх нэн чухал. Агаарын цэргийн хүчин дэлхийн бусад улс орнуудад ямар өндөр түвшинд хөгжсөн байгааг бид анзаарч байна. Бид бас шинэчлэлээ хийх ёстой. Нисэхийн чиглэлийн хэрэгслүүдээ шинэчлэх, төрлийг нь нэмэгдүүлэх бодлогыг баримтална. Тусламж, гэрээ хэлцэл, худалдаж авах асуудлууд нарийн төвөгтэй. Гэхдээ асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Бүх асуудлыг яримаар байна. Та бүхэн асуудлуудаа хамгийн сайн мэдэж байгаа. Бид бүхэн зориглож гаргасан эрх зүйн шийдвэрүүдээ хараад хамгийн доод тал нь 50 жилийн цаана Агаарын цэргийн командлал, агаарын цэргийн хөгжлийн суурь тавигдлаа гэж ярих байх шүү гэж хэлж байсан. Тэрхүү шинэчлэлийг эхлүүлээд явж байгаа. Агаарын цэргийн командлал албан ёсоор хуульчлагдаад 5 жил боллоо. Өнөөдөр харахад тодорхой төрлийн нисэх хэрэгслүүд, бааз суурь, аэродромууд болон хамгаалалтын хэрэгслүүдтэй болсон байна. Хуучин агаарын довтолгооноос хамгаалах цэргийнхээ суурь дээр зөв бодлого, чиглэлээр хөрсөө тавиад ажиллах ёстой. Зөв чиглэлээр, зөв бодлого тодорхойлох асуудал Агаарын цэргийн командлалын удирдлага та бүхнээс, Зэвсэгт хүчний Жанжин штабаас мөн Батлан хамгаалах яамнаас шууд шалтгаална. Тийм учраас асуудлуудаа эрэмбэлээд, маш сайн төлөвлөөд нэг бодлогоор зангидах ёстой гээд бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт хүсч, тодорхой чиглэлүүдээр албан даалгавар өглөө.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР: АГААРЫН ЦЭРГИЙГХӨГЖҮҮЛЭХЭД ХИЙХ АЖИЛ ИХ БИЙ

      Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 353, 337 дугаар ангиудад ажиллалаа. Түүнийг Агаарын цэргийн командлалын харьяа тус хоёр ангид хүрэлцэн очиход Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр тэргүүтэй Агаарын цэргийн командлалын удирдлагууд, харьяа ангиудын захирагч нар угтан авсан юм.

      Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр эхлээд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үйл ажиллагаа, зэвсэглэл, техниктэй танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар ангийн удирдлагуудаас санал сонссон. Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчинд Агаарын цэргийг хөгжүүлэхэд маш олон асуудлууд тулгамдаж байна. Эдгээрээс алийг нь ч хойш тавихын аргагүй бөгөөд орчин үеийн зэвсэглэл, техниктэй болохын тулд хийх ажил асар их байгааг Батлан хамгаалахын сайд онцолсон. Өөрөөр хэлбэл, БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын зүгээс зэвсэглэл, техникийн шинэчлэл, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр Агаарын цэргийг хөгжүүлэхэд анхаарч байна. Техник шинэчлэл гэдэгт орчин үеийн радарын системүүд, цэргийн тээврийн онгоц, пуужингийн цогцолбор зэрэг улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд Агаарын цэргийн техникийн бэлэн байдлын талаас хүлээх үүргүүд багтаж байгаа юм гэж хэлсэн.

      Дараа нь Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 337 дугаар ангид хүрэлцэн очиж, ангийн үйл ажиллагаатай танилцсаны дотор тус ангийн Нисгэгчгүй нисэх хэрэгслийн төвөөр зочилж, гар сэтгэл нийлсэн залуусын өөрсдөө бүтээж байгаа дроны туршилт, судалгаа, ажлын явцтай танилцав. Тэрбээр энэ үеэр “Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд та бүхний хийж байгаа үйлсийн ач холбогдол тун өндөр юм. Зэвсэгт хүчний хөгжил инноваци, технологийн хөгжилд суурилах учиртай. Иймд та бүхнийг Батлан хамгаалахын сайдын зүгээс бүх талаар дэмжиж, туслах болно” гэв.

      Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлүүд, цаашид салбарын удирдлагын зүгээс явуулах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн. Тэрбээр “Батлан хамгаалах салбарын нэр хүнд ард түмний дунд жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манайх шиг ийм цогц салбар Монгол Улсад өөр хаана ч байхгүй. Өнөөдөр Зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргийн алба хаагч нь бусад орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаас цалин хангамж болон нийгмийн хамгаалал гээд бүх талаараа илүү болсон. Нөгөөтэйгөөр ирэх онд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн тохиох гэж байна. Ази тивд Монгол Улсаас өөр Зэвсэгт хүчнийхээ 100 жилийн ойг тэмдэглэх гэж буй улс байхгүй юм. Иймд та бүхэн энэ түүхэн цаг үед Зэвсэгт хүчиндээ алба хааж байгаагаараа бахархах учиртай. Батлан хамгаалахын сайдын хувьд Агаарын цэргийг хөгжүүлэх, цаашдаа орчин үеийн Агаарын цэргийн хүчинтэй болох асуудлыг байнга дэмжсээр ирсэн. Гэхдээ энэ бол өнөөдөр шийдээд маргааш бүтчихд­­­­­эг асуудал биш. Олон жилийн төрийн тогтвортой бодлого, төсөв хөрөнгийн зөв зарцуулалт зэрэг олон хүчин зүйлсээс бүрдэх маш том ажил гэдгийг та бүхэн ойлгох учиртай” гэсэн юм

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644