Тулгар төрийн 2233, Их Монгол Улс Байгуулагдсаны 818, Үндэсний Эрх Чөлөө, Тусгаар Тогтнолоо Сэргээн Мандуулсны 113, Ардын Хувьсгалын 103 жилийн ой, Улсын Их Баяр Наадмыг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн өнөөдөр буюу 07 дугаар сарын 08-ны энэ өдөр Цэргийн Тангараг давтах, Цэргийн алба хаагчийн Ёс зүйн Андгай өргөх, Агаарын цэргийн командлалын ажилтны тангараг өргөх ажиллагааг хамтад нь зохион байгууллаа.
Мөн арга хэмжээний үеэр Агаарын цэргийн командлагчийн тушаалаар эрхэлсэн албандаа идэвх санаачлаг гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн дагуу цэргийн цол олголоо. Тухайлбал дэд хурандаа цолыг Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн тагнуул, РЭТ-ийн офицер, хошууч Г.Пунцагноров, Суртал хүмүүжил, сэтгэл зүйн тасгийн Соёл хүмүүжлийн офицер хошууч Ө.Нарантуяа, Төв командын байрын байлдааны жижүүрлэлтийн офицер, хошууч Т.Батжаргал нарт олгогдлоо. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Цэргийн мэргэжлийн I зэргийн тэмдгийг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн командын байрын ахлагч, сургагч ахлагч Д.Гүрцэцэг, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 320 дугаар дивизионы салааны ахлагч, ШТХС-ын дарга, ахлах ахлагч Э.Алтанцоож нар гардан авлаа.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхзоргол Агаарын цэргийнхний 2024 оны хагас жилд гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, ололт амжилтаа дүгнэлээ. Мөн тэрээр цэргийн мэргэжлийн 1 дүгээр зэргийг Агаарын цэргийн хоёр ахлагч эзэмшлээ энэ бол Агаарын цэргийн түүхэнд тэмдэглэх том үйл явдал, ялангуяа эмэгтэй цэргийн алба хаагч энэ зэргийг эзэмшиж байгаа нь Зэвсэгт хүчний анхдагч болж байна хэмээн онцлон хэллээ.
Дэд ахлагч С.БАЯРХҮҮ