Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний 353 дугаар анги Зенит пуужингийн мэргэжлийн офицер, ахлагч нарын гурван үеийн түүх, хөгжлийн үе шат, түүхэн туршлага, сургамжийг залуу хойч үед өвлүүлэх, мэдээлэл солилцох зорилгын хүрээнд Ахмад үеийнхнээс: “Зенит пуужингийн үүсэл хөгжил, туршлага, сургамж, сургалтын онцлог, бэлэн байдал, ололт амжилт” сэдвүүдээр Дунд үеийнхнээс: “Зенит пуужингийн хөгжил ба өнөө үе” Залуу үеийнхнээс: “Зенит пуужингийн Ирээдүй ба хөгжлийн чиг хандлага” сэдвүүдийн дагуу гурван үе шаттай хэлэлцүүлэг хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн асуулт хариултын хэсэгт залуу үеийн офицер, ахлагч нар дунд болон ахмад үеэсээ сонирхсон, мэдэхийг хүссэн асуултуудаар үргэлжилсэн бөгөөд ахмад үеэсээ суралцах, туршлага судлах чин хүсэл эрмэлзэл дүүрэн байсан нь хэлэлцүүлгийн тооцоот цагийн хуваарийг сунгахаас өөр аргагүйд хүрч байсан юм. Мөн ахмад үеийн төлөөлөл энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч оролцож буй нь тэдний хойч үедээ захиж буй захиас, сэтгэл хөдлөл, догдлол дүүрэн харц, тэрч бүү хэл тэдний хувцаслалтаас тодхон харагдаж байлаа.
Залуу үеийн офицер, ахлагч нар ахмад дайчдадаа хандан “Өнөөдрийн бидний, эх орныхоо төлөө тангараг өргөж хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллаж хөдөлмөрлөж яваа гол утга учир бол ахмад дайчид та бүхний минь хийсэн бүтээсэн амжилт ололтын үр шим” юмаа гэдгийг талархал дүүрэн уламжилж байсан нь сэтгэл догдлуулам байлаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн үе үеийн дайчид энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүн болон Агаарын цэргийн ахмадын хорооны ахмад дайчдад баярласнаа илэрхийлэн өгөөжтэй, үр дүнтэй ажил боллоо хэмээн дүгнэж байсан юм.
Дэд ахлагч З.Хонгорзул