Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа ангиудын дунд “Тэргүүний тохижилттой тавиулан” шалгаруулах болзолт уралдаан 2024 оны 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Цэргийн алба зохион байгуулах зааварт заасны дагуу тавиулангийн албаны үйл ажиллагаа, тайван цагийн орон тооны автотехникийн бэлэн байдлыг хангуулах, жолооч, техникийн албан тушаалтнуудын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын тавиулангийн тохижилтыг уралдааны шүүгчийн бүрэлдэхүүн биечлэн шалгаж Зэвсэгт хүчний 325 дугаар анги цахимаар материалаа хүргүүлсэн юм.
Уралдааны шагнал гардуулах ажиллагаанд ЗХЖШ-ын Материал, техникийн газрын, Техникийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхболд, Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Материал, техникийн хэлтсийн Техникийн хангалтын ахлах офицер хурандаа С.Дашдондог болон тэргүүлэгч ангиудыг удирдлага, зэвсэглэл, техник хариуцсан орлогч нар оролцлоо.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа ангиудын дунд “Тэргүүний тохижилттой тавиулан” шалгаруулах болзолт уралдаанд хурандаа Ч.Буянзаяа захирагчтай Зэвсэгт хүчний 353 дугаар анги тэргүүн байр эзэлсэн бол удаах байрт хурандаа С.Батсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар анги шалгарсан юм.
Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнийг санаачилсан хурандаа С.Дашдондогт командлагч хурандаа Т.Ганбат тусгайлан баяр хүргэж цаашдаа зөвхөн авто техникийн төдийгүй бусад байлдааны зэвсэглэл техник, эд аж ахуй, орчноо сайжруулан дээшлүүлэхийн тулд ийм төрлийн уралдааныг зохион байгуулж байх нь зүйтэй юмаа хэмээн хэлсэн юм
ЗХЖШ-ын Материал, техникийн газрын, Техникийн хэлтсийн дарга хурандаа Б.Энхболд “Бие бүрэлдэхүүнийхээ ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр үе шаттай ажлуудыг зохион байгуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Мөн ангиуд болзолт уралдаанд нэлээдгүй ажлыг гүйцэтгэн бэлдэж оролцсон байна. Эцсийн дүндээ бие бүрэлдэхүүний ажлын байрны сэтгэл ханамж нэмэгдсэн, техникийн бэлэн байдал хангагдсан орчин бий болж байгаа нь сайшаалтай юм.” гээд албан ажлын улмаас хүрэлцэн ирж амжаагүй ЗХЖШ-ын Материал, техникийн газрын даргын үгийг дамжуулан хэлж, тусгай байрт шалгарсан ангиудад батламж гардуулан өглөө.
Хошууч Л.САРАНЗАЯА