Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 2023-2024 оны сургуулийн жилийн сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулгагдсаны түүхт 60-н жилийн ойн арга хэмжээг угтан эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ангийн байрлалд зохион байгууллаа.
Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиудтай хамтарч орон нутагт Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж явууллаа.
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч дэд хурандаа Т.Армия нээн үг хэлж, ангийн түүх болон Агаарын цэргийн үндсэн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж үүний дараа багш сурагчдад үлээвэр хөгжмийн зэмсгийн талаар товч танилцуулан үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүний бэлтгэсэн урлагийн тоглолтыг толилууллаа.
Мөн хорооны командын байрны үйл ажиллагаа болон Р-107 станцыг тохируулж холбоонд орох, 7.62мм АКМ, СВД, 9мм ПМ бууны үүрэг зориулалт, задаргаа, угсаргаа, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл Л-1, ДП-5в, ВПХР, МК-3 цацраг хими биологийн тагнуулын багаж, хамгаалах хэрэгсэл, 14.5мм ЗПУ-2 бууны галт байрыг төхөөрөмжилж буудлагад бэлтгэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын шалгуур үзүүлэлт, ажиллагааны өмнөх бэлтгэл, цэргийн авто техник Зил-131, Газ-66 маркийн машин, цэргийн хээрийн гал тогоог хээр хэрхэн дэлгэн байрлуулж ашиглах талаар тухайн албад хариуцсан албан тушаалтнууд багш сурагчдад тус тус танилцууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирсэн “Б.Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ лабортори сургууль”, “Жавхлант” цогцолбор сургуулийн багш сурагчид хүндэтгэлийн талбайд дурсгалын зураг авхуулснаар энэ өдрийн үйл ажиллагааг өндөрлөсөн юм.
Хошууч Н.Мөнхбаатар