Агаарын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийг сурталчлах 7 хоногийн аяны хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус командлалын бүрэлдэхүүн Хуурай замын цэргийн командлалд зочиллоо. Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүнийг Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд найрсгаар хүлээн авч, тус командлалын түүх, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулан, шинээр баригдсан штабын барилгын тохижилтыг үзүүлж сонирхуулав.
Мөн аяны хүрээнд 07 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн хангалтын офицер ахмад Л.Нямцэцэг “Asia Pharma International” ХХК-тай хамтран “Витаминжуулах өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр “Asia Pharma International” компаны борлуулалт хариуцсан захирал Б.Пүрэвжаргал, эмч Э.Төрболд нар командлалын бүрэлдэхүүнд витаминжүүлэлтийн ач холбогдол, биеийн дархлаагаа хэрхэн дэмжих талаар мэдээлэл хийн, зөвлөгөө өгсөний зэрэгцээ бүтээгдэхүүнээ сурталчлан, танилцуулсан.
Тус байгууллага нь 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, Унгар, Франц, ХБНГУ, БНСУ, Украйн зэрэг орнуудаас нийт 170 гаруй нэр төрлийн витаминыг оруулж ирдэг бөгөөд ЭМЯ-тай зөвшилдсөний үндсэн дээр нийгмийн хариуцлагын хүрээнд “COVID-19” цар тахалын тархалт идэвхижиж байгаа энэ үед тус вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн дархлааг нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги, салбаруудад бүтээгдэхүүнээ танилцуулан, 20-30 хувийн хөнгөлөлттэй үнээр витаминуудаа нийлүүлэн ажиллаж байгаа юм.
Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн тус өдөрлөгийн арга хэмжээнд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэн бүтээгдэхүүнээс өөртөө болон гэр бүлийн гишүүддээ зориулан багагүй хэмжээгээр худалдан авч, дэлхий нийтээр цар тахалын эсрэг тэмцэж байгаа энэ цаг үед өөрсдийн болоод гэр бүлийн гишүүдийн дархлааг дэмжин эрүүл мэнддээ анхаарч байгаадаа сэтгэл хангалуун байлаа.
Ийнхүү Агаарын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийг сурталчилах 7 хоногийн аян амжилттай явагдаж өндөрлөлөө.