ЗХЖШ-ын ахлагчийн баталсан удирдамжийн дагаа “Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын II шатны шалгаруулалт Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол, Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Агаарын цэргийн командлалын хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Д.Түмэндэлгэр нар шүүн дэнсэлсэн юм.
Энэхүү хуралд 4 дэд сэдвийн хүрээнд 13 илтгэл хэлэлцүүлэгдэж Агаарын цэргийн Төв командын байрын дэд ахлагч М.Ахгул, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн дэд ахлагч Д.Бямбасүрэн, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлах ахлагч Б.Баяржаргал, дэд ахлагч М.Ганчимэг нар дараагийн шатанд шалгарч батламж авсан бол шилдгийн шилдэг судалгааны ажлаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Төв командын байрын салааны ахлагч-ээлжийн дарга ахлагч Э.Мөнхзул шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын даргаас гардан авлаа.
Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол “Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүн маань өөрсдийгөө маш сайн хөгжүүлж, судалгааны ажлыг хийж, илтгэл тавьж хэлэлцүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд эрдэм шинжилгээний хурал дээр тавигдсан санал, шүүмжүүдийг хүлээн авч цаашдын ажилдаа анхааран, засаж залруулж ажиллахаа илэрхийллээ.