ОХУ-ын Тюмень хотын Нисэхийн сургалтын төвд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нисэх багийн дарга, нисгэгч-штурман, борт техникч гэсэн зарим нисэх бүрэлдэхүүн Ми-8Т, Ми-171Е нисдэг тэрэгний битүү бүхээгийн дадлагын сургалтад амжилттай хамрагдлаа.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, ОХУ-ын талаас “Нисэх бүрэлдэхүүн бэлтгэх төв”-ийн дарга В.В.Демкин, “НТЦ качество” компанийн гүйцэтгэх захирал М.С.Борисович нарын байгуулсан гурвалсан гэрээний дагуу тус дадлага сургалт явагдсан юм.
Битүү бүхээгийн дадлага нь бодит нислэгийн үед тохиолдож болзошгүй 1 эсвэл 2 хөдөлгүүрийн татгалзал, хөдөлгүүр болон гол редукторт гал гарах болон цаг агаарын хүндрүүлсэн, хязгаарлагдмал нөхцөл, шөнийн нислэг, нислэгийн онцгой тохиолдолд нислэг үйлдэх зэрэг дадлагыг бодит нөхцөлд 80-90% ойртуулан явуулдгаараа давуу талтай.
Борттехникчээр бэлтгэгдэж байгаа болон нислэгт зөөгдөж байгаа цэргийн алба хаагчдыг хамруулсан нь тэдний бие даан нисэх эрх авах болон нисэх эрх авах бэлтгэлийг хангасан үр дүнтэй сургалт боллоо.
УЛСЫН НИСЭХИЙН ХЭЛТЭС