Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарын ахлагчийн зөвлөл “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-ийг тохиолдуулан бие бүрэлдэхүүнийхээ дунд гар бөмбөгийн тэмцээн, хувь хүний хөгжлийн сургалт, соёл хүмүүжлийн ажлуудыг зохион байгуулаад өнгөрсөнгүй тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийг чиглэсэн ажлуудыг зохион байгуулж өргөн цар хүрээтэйгээр тус өдрөө тэмдэглэн өнгөрүүлжээ. Тодруулбал Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн цэцэрлэг орчмын бүсэд замын хөдөлгөөний зохицуулалт хийн хүүхэд, хөгшдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.
Мөн өрх толгойлсон эмэгтэй болон олон хүүхэдтэй 2 өрхийг сонгон хоол хүнс, ахуйн хэрэглээний тусламж үзүүлсэн юм. Тус ротын ахлагч, ахлах ахлагч Л.Галбадрах “Манай хамт олон чадахынхаа хэрээр бусдад туслахыг эрмэлздэг. Материаллаг тусламж биш юмаа гэхэд цагаа олсон урмын үг ч ядруухан яваа нэгнийг сэв хийтэл босгож ирдэг хүчтэй байдаг юм шүү дээ. Хүүхдүүд бол бидний ирээдүй, тэдэнгүйгээр бид Монголын маргаашийг төсөөлшгүй. Хүүхэд нэг бүр халуун ам бүлээрэй, эрүүл энх, аз жаргалтайгаар өсөн торнихыг харах нь эх орондоо тангараг өргөсөн бидний нэгэн зорилго яахын аргагүй мөн билээ. Манай хамт олон хүүхдийн сайн сайхны төлөө үйлсэд гар бие оролцоход хэзээд бэлэн байх болно” хэмээн хэлсэн юм.
Хошууч Л.САРАНЗАЯА