Мас-Рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад шинээр хөгжиж байгаа спортын төрөл юм. Уг спорт нь Оросын Холбооны Улсын Сахагийн ард түмний үндэсний өв соёлын нэг бөгөөд Монгол Улсын хувьд Олон улсын мас-рестлингийн холбоонд 2012 онд элсэн орж, 2014 оноос улсын аваргын тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж ирснээр энэхүү спортын төрөл олон нийтэд танигдаж эхэлсэн юм. Одоогоор манай улсад модон барилдааны төрлөөр нийт 100 гаруй тамирчин хичээллэж тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилт үзүүлсээр байна.
Энэ онд Монголын мас-рестлингийн холбоо анх удаагаа өсвөр, насанд хүрэгчид, үнэмлэхүй гэсэн 3 жингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулжээ.
Монголын модон барилдааны холбоо нийтдээ 8 алт, 14 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр насанд хүрэгчдийн баг 167 оноогоор 2-р байр, өсвөрийн баг тамирчид 146 оноогоор 1-р байранд орж алтан цомын эзэд болжээ.
Монгол улсаа төдийгүй Зэвсэгт хүчний Агаарын цэргийг төлөөлөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротоос насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -60 кг жинд ахлагч Б.Хүрэлбаатар, -65 кг жинд ахлагч Ц. Пүрэвсүрэн, эмэгтэйчүүдийн -65 кг жинд дэд ахлагч Х.Лхагвадолгор нарын 3 тамирчин оролцож 2 тамирчин нь медаль хүртсэн юм.
Насанд хүрэгчидийн эмэгтэйчүүдийн -65 кг жинд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын планшетчин дэд ахлагч Х.Лхагвадолгор хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -65 кг жинд өрсөлдсөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын харуулчин ахлагч Ц.Пүрэвсүрэн алтан медаль хүртэж Монгол улсын модон барилдааны анхны Азийн аварга болсон байна.
Ахлагч Цэрэнцогзолын Пүрэвсүрэн нь 1994 оны 06 сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. 2003-2013 онд тус сумын Ерөнхий боловсролын сургууль, 2014-2015 онд Батлан Хамгаалах Их Сургуулийн, Ахлагчийн сургуулийг АБ(М)БМ-н наводчик мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Цэрэгжилтийн спортын туухай өргөлтийн төрөлд Монгол Улсын спортын мастер цолтой. Түүний гаргасан амжилтуудаас дурьдвал:
Ази тивийн аварга Ц.Пүрэвсүрэн: “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэе. Мас–рестлинг нь дэлхий нийтэд шинээр хөгжиж буй спортын төрөл төдийгүй бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, хурд, хүч, тэсвэр тэвчээр шаардсан сонирхолтой спорт юм. Та бүхэн энэхүү спортоор хичээллээрэй” хэмээн залуусыг төдийгүй Зэвсэгт хүчний алба хаагчдаа уриалсан юм.
Хошууч Л.САРАНЗАЯА