Зэвсэгт хүчний 303 дугаар анги цус хандивлах аяныг дэмжин донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч донорыг алдаршуулах зорилготой “Дусал цус-Дүүрэн амьдрал” цус хандивлах аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.
Сар бүрийн 3-ны өдөр цусаа бэлэглэх өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан цус хандивлах аянд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн идэвхитэй хамрагдаж 20 гаруй цэргийн алба хаагч цусаа хандивлалаа. Зуны амралт, хүмүүсийн амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан тогтмол хандивлагчдын тоо эрс цөөрч цусны нөөцийн хомсдолд орох эрсдэл үүсдэг. Энэ цаг үед хамт олноороо цусаа хандивлан хэрэгтэй цагт эрүүл мэндийн салбарт тулгамддаг нэн чухал асуудал болох цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажилд хамтран ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамт олонд талархаж буйгаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн явуулын багийн хамт олон илэрхийлсэн юм.
Тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаан нотолсон. Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн түвшинд бүрэн төлждөг байна. Хандивласан цусанд цусны бүлгийг тодорхойлох, ХДХВ, гепатид В болон С вирусын эсрэг төрөгч, тэмбүү, бруцелёз зэрэг халдварын үүсгэгчийг илрүүлэх 10 орчим шинжилгээ хийгддэг байна. Иймд цусаа хандивлахаас гадна халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнд давхар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Нийт 35-аас дээш удаа цусаа хандивласан иргэн хүндэт донорын болзол хангадаг төдийгүй “Монгол Улсын Донорын тухай хууль”-д тодорхой эрх, хөнгөлөлтүүдийг тусгаж өгсөн байдаг. Ангийн бие бүрэлдэхүүний дундаас хамгийн олон удаа цусаа хандивласан донор, ахмад Г.Билгүүтэй нь 14 удаа цусаа өгөхдөө нийт 6 литр цусыг сайн дурын үндсэн дээр бэлэглэсэн байна. Тэрээр ойролцоогоор 40-өөд хүний эрүүл мэнд цаашлаад амь насыг аварсан сайн үйлстэн болоод байгаа юм. Ахмад Г.Бэлгүүтэй нь БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч бөгөөд цаг үеийн байдал тогтворгүй, амьдарлын хүнд хэцүү нөхцөл байдалд аж төрдөг улсын иргэдийг хараад сэтгэл өвдсөн тухайгаа дурдаад дайны цагт болон дайны дараах сэргээн босгох үед биш энхийн цагт ч би цэнхэр дуулгатан, энх тайвны бэлэг тэмдэг байж бусдын төлөө хийж болох өөрийн хийж чадах хамгийн энгийн тусламж цусаа хандивлах юм байна гэж бодож цусаа хандивлахдаа дуртай байдгаа хэлж байсан юм.
Цус, цусан бүтээгдэхүүнийг орлуулах бодис нээгдээгүй байгаа энэ цаг үед цусаа хандивлах нь чухал ач холбогдолтой сайн үйлс юм. Иймд тус ангийн бүрэлдэхүүн цусны нөөцийг тасалдуулахгүй байх үйлсэд донор болох боломжтой хүн нэг бүрийг эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйлсэд нэгдэхийг уриалж байна.
Цэргийн хүний өргөсөн тангараг энхийн цагт ч иргэн таны төлөө байдаг юм шүү.
Хошууч Л.САРАНЗАЯА