Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монгол Улсын төрийн далбааны өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн цэргийн тангараг давтах ажиллагааг цомхотгосон байдлаар зохион байгууллаа.
Тодруулбал нийслэлд орсон үргэлжилсэн борооны дараах үерийн гамшгийг арилгах ажилд манай томилгоот бүрэлдэхүүн ажилласаар байгаа билээ.
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын байрлалд тус арга хэмжээг зохион байгуулсан ба суман цагаан хөлгийн хөөрөх зурвас дээрээс Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат Агаарын цэргийн тугийг жагсаалд залж, Агаарын цэргийн командлагчид илтгэл өгөн, цэргийн тангараг давтаж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлснээр арга хэмжээ эхэлсэн юм.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат нийт бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлд Үндэсний их баяр наадмын баярын мэндийг хүргэхийн сацуу баяр, наадмын амралтын өдрүүдэд цаг агаарын хэт халалт, үер усны одоогийн нөхцөл байдал болон хөдөө орон нутагт зорчих үеийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган аюулгүй ажиллагааг сахин амралтыг зөв зохистой өнгөрүүлэх талаар зөвлөмж өглөө.
Үүний дараагаар эрхэлсэн ажил, албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим бүрэлдэхүүнд төрийн дээд одон, батлан хамгаалах салбарын медаль болон албан тушаалын зэрэглэлийн цолыг гардуулж өглөө. Тушаалыг хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Д.Түмэндэлгэр уншиж танилцуулсан юм.
Хурандаа Т.Ганбат өөрийн хэлсэн үгэндээ алба хаагчдыг маань ажил үүргээ цалгардалгүй гүйцэтгэхэд түшиг тулгуур болон эх орны төлөө, Монгол Улсын Агаарын хилийн чухал албанд зүтгэх итгэлийг нь хурцалж, үргэлж дэмжиж байдаг гэр бүлийн гишүүн нэг бүрт талархаж явдгаа илэрхийлж байсны бодит жишээ цол олгогдсон цэргийн алба хаагчдын гэр бүлийг тус арга хэмжээнд урьж оролцуулсан явдал байлаа.
Ариун сүүгээ амлуулж нарт хорвоод залсан хайрт ээжээсээ, хүмүүний хорвоог хосоор туулан амьдарлын зургаа хамтдаа зурж яваа ханиасаа, үлгэр дуурайлал авч хүндэлж явдаг ахаасаа, нөхөрлөл хэмээх бат гагнаасаар холбогдсон андаасаа цэргийн хүний баяр бахдлын дээд болсон цолоо удирдлагынхаа урмын үгсээр сонороо мялаан зүүх агшин энэ өдрийн онцлом үйл явдал байлаа.
Урмаар ташуурдан, зүтгэлийг өнгөлөх нь залуу боловсон хүчнээ үнэлдэг байгууллагын том соёл яахын аргагүй мөн билээ.
Ахмад Л.САРАНЗАЯА