Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх, генерал Бирами Диоп Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд генерал Бирами Диоп Агаарын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 337 дугаар ангид зочилох үед Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн удирдлагын бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нисэх хэрэгслийн өнөөгийн байдал, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломж, бололцоо байгаа талаар хэлэлцэж, нисдэг тэрэг ажиллагаанд оролцсоноор өндөр ач холбогдолтойг онцгойлон хэлэлцлээ.
Генерал Бирами Диоп болон Япон Улсын Өөрийгөө хамгаалах Агаарын хүчний командлагч генерал Үчикура нарын албан ёсны айлчлал энэ өдрүүдэд давхцаж хамтран санал солилцож, ярилцах боломж олгогдож байгаа нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт болсон. Айлчлалын хүрээнд Монгол Улсад 19 дэх жилдээ явагдаж буй “Хааны эрэлд-2023” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн явц байдалтай танилцаж, тус сургуулийн хаалтын арга хэмжээнд оролцох юм.