ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг нь зүүн аймгуудад ажиллаж байна. Ингэхдээ Агаарын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламж, тусгай ротуудад үйлчилгээ үзүүллээ.
Монгол Улсын агаарын хилийн хяналтыг үйлдэж байгаа алба хаагчдын хувьд ажил үүргээс шалтгаалан бусад мэргэжлийн цэргээс онцлогтой байдаг. Тэд анхаарал төвлөрөлт сайтай, сонор соргог байдлаараа бусдаас ялгардаг. Тус бүлэг байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх болон жижүүрлэлтийн бус цагаар бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдалд нөлөөлж буй хүчин зүйлд дүн шинжилгээ хийж, сэтгэл зүйн нөлөөллийн ажлын арга хэлбэрийг ашиглан бүрэлдэхүүнд оношлогооны дасгал ажиллуулсан юм. Мөн сэтгэл зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хувь хүний хөгжил, өөрийгөө таньж мэдэх сэтгэл зүйг тодорхойлох “Бүлэг, багт би хэн бэ?”, “Харилцааны хэв шинжийг тодорхойлох”, “Сэтгэл хөдлөлөө удирдах EQ чадвар”, “Зөрчлийг шийдвэрлэх арга барил”, “Цаг төлөвлөлт” гэсэн 5 сэдвээр оношлогоог хүн нэг бүрээс авч, хувь хүний ололттой болон дутагдалтай талыг олж илрүүлэн харилцан ярилцаж зөвлөгөө өгсөн.
Алба хаагчдад тулгамдаж буй нийгэм, сэтгэл зүйн асуудлыг сонсон шийдвэрлэх нь удирдах байгууллагын тэргүүн зорилтын нэг бөгөөд Монгол Улсын агаарын хил амгалан тайван байхын гол үндэс суурь нь 24 цагаар агаарын орон зайд хяналт үйлдэж байдаг “Агаарын хилчид” билээ.
МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ХИЛ ТАЙВАН БАЙНА.
Ахмад Л.САРАНЗАЯА