Нисэх хүчний нийт генерал, офицер, ахлагч, албан хаагчид, ахмад буурлууд та бүхэндээ Монгол улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Тэртээх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн. Монголын малчин залуус шинэ онгоц, техникийг гарамгай эзэмшиж шуудан, харилцаа холбоо, агаарын тээвэр, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэг улс орныхоо бүтээн байгуулалт, бүс нутгийн болон дэлхийн дайнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд онцгой, чухал үүргийг биелүүлж Монголын нисэх хүчнээс агаарын зоригт баатрууд олноороо мэндэлсэн түүх бидэнд бий.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бүрэлдэхүүн энэ цаг үед хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа төдийгүй Монгол Улс, ОХУ-ын батлан хамгаалах яамд хоорондын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн дуунаас хурдан сөнөөгч онгоцнуудыг хүлээн авч Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцсон нь Монгол Улсын мөнх хөх тэнгэрт Агаарын цэргийн нисгэгч нар өөрсдийн сөнөөгч онгоцоор 30 жилийн дараа нислэг үйлдэж, агаарын орон зай эзэнтэй болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсын нисэх хүчнийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан ахмадууд, одоо ажиллаж байгаа Цэргийн нисэхийн нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.