Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллаж тус ангийн “Байлдааны туг”-ийг удирдлага, бие бүрэлдэхүүнд гардуулан өглөө. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаад Байлдааны туг, үнэмлэхийг ёслол төгөлдөр гардуулан өгсний дараа шинэ Байлдааны туганд ангийн Цэргийн гавъяаны одонг зүүж өгсөн юм. Үүний дараагаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Шатаррагчаа “Байлдааны туг”-ийг өргөхөд нийт бие бүрэлдэхүүн гурвантаа “Уухай” цуурайтуулан хүндэтгэл үзүүлсэн юм.
Байлдааны туг нь Зэвсэгт хүчний анги, байгууллагын сүлд хийморь, цэргийн алба хаагчдын сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн, дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл билээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Эл өдөр Та бүхэн сүлд хийморийн бэлгэдэл болсон Байлдааны тугаа гардан авлаа. Тэртээх 1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт анхлан “Ю-13” онгоц дүүлэн ниссэн. Уг өдрөөс эхлэн монгол залуус нисэх онгоц, техникийг гарамгай эзэмшиж улс орныхоо агаарын тээврийн салбарын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмрийг оруулсан төдийгүй 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтад оролцож тусгаар улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалж ирсэн түүхтэй. Та бүхэн бол эдгээр зоригт баатруудын үйлсийг нэр төртэйгөөр залгамжлан үндсэн хуулиар хүлээсэн үүргээ тасралтгүй, найдвартай гүйцэтгэж, олон удаагийн онцгой, тусгай үүргийн нислэгээр эрдэнэт хүмүүний амь нас, эд хөрөнгийг цаг агаарын ердийн болон хүнд нөхцөлд авран хамгаалж, улс эх орон, удирдлагын дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэйгөөр биелүүлж ирсэн бахархам хамт олон гэдгийг энд дурдахад таатай байна. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын зүгээс Агаарын цэргийн командлал болон түүний харьяа ангиудын үүрэг гүйцэтгэлт бэлэн байдлыг дээшлүүлэх, зэвсэглэл техникийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх, хангах асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэн, дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Ингээд та бүхэндээ удахгүй болох Нисэх хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, хөх тэнгэр нь цэлмэг, хөөрөлт буултын тоо нь тэнцүү байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.
Уг ёслолын арга хэмжээ Байлдааны тугийг буцааж залснаар өндөрлөж үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд тус ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, зэвсэглэл техник, тавиулангийн орчин, нөхцөлтэй танилцаж, ангийн удирдлагаас энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээ, түүнд тулгамдаж буй асуудлуудыг сонссон юм.
Ахмад Л.САРАНЗАЯА