Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг идэвхжүүлэх, эргэлтэд оруулах зорилгоор Агаарын цэргийн Эрдмийн зөвлөлийг байгуулж анхдугаар хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж явууллаа.
Тус зөвлөлийн тэргүүнээр цэргийн шинжлэх ухааны доктор, бэлтгэл хурандаа Н.Энхбат, хариуцлагатай нарийн бичгийн даргаар бэлтгэл хурандаа Ч.Болдбаатар нар ажиллахаар боллоо.
Эрдмийн зөвлөл нь Агаарын цэргийн хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, цаашдын хөгжлийн чиг хандлага, дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, бусад орны агаарын цэргийн туршлага сургамжийг судлах, техник технологи, инновацыг нэвтрүүлэх талаар судалгаа тооцоо хийх зэргээр бодлого боловсруулж ажиллах юм.
Хуралд Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Чулуунзагд, Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн дарга хурандаа Ч.Буянзаяа, Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Н.Баттөмөр болон Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцлоо. Хурандаа Г.Чулуунзагд хурлын эхэнд Агаарын цэргийн командлалын 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулав. Энэ үеэр хурандаа Т.Ганбат Эрдмийн зөвлөлийн оновчтой санал, санаачилга бүрийг дэмжиж, бодлого үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлэв. Хуралд оролцсон бүрэлдэхүүн харилцан санал солилцож, цаашид хийхээр төлөвлөсөн ажил арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон юм. Мөн дээрх ажлуудаас гадна зөвлөлөөс эрдэм шинжилгээний ажил болон бие бүрэлдэхүүнд шаардлагатай мэдээ, мэдээлэл олгох зорилгоор улирал бүр сонин, жилд 2 удаа сэтгүүл, гарын авлага гаргах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар боллоо.