Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Зэвсэгт хүчин 2022-2023 оны сургуулийн жилийг “Залуу офицеруудын манлайлал”-ын жил болгон зарласантай холбогдуулан ангийн үндсэн мэргэжлийн залуу офицер, ахлагч нарын мэргэжлийн болон тактикийн мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг үнэлэх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн бахархал, цэргийн албаны хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, цэргийн сургалт, бэлтгэлийг төлөвлөх оновчтой арга зүйг тодорхойлох зорилгоор ангийн мэргэжлийн аварга офицер, ахлагч нарыг шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг тактикийн бэлтгэл, техникийн бэлтгэл, галын бэлтгэл, химийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл гэсэн 5 төрлөөр зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 8 офицер, 53 ахлагч оролцсоноос офицерын төрөлд I байрт ангийн хүний нөөцийн офицер ахлах дэслэгч Ж.Баттулга, II байрт 103 дугаар тусгай салбарын захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч ахлах дэслэгч Э.Түвшинбат, III байрт 116 дугаар тусгай салбарын РЛС салааны захирагч Б.Шинэзаяа нар шалгарлаа. Харин ахлагчийн төрөлд I байрт 103 дугаар тусгай салбарын ахлах операторчин ахлагч С.Дашням, II байрт 116 дугаар тусгай салбарын планшетчин дэд ахлагч А.Оразай, III байрт 103 дугаар тусгай салбарын операторчин дэд ахлагч Б.Энхболдбаатар нар шалгарч хоёрдугаар шат буюу Агаарын цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хангалаа.
Б.ХАТАНБААТАР